УИХ-ын дарга Г.Занданшатар: Ипотекийн төлбөрийн хугацааг 6 сараар хойшлууллаа

       УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Б.Баттөмөр, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбогдуулан өнөөдөр /2020.04.10/ мэдээлэл хийж байна.

Мэдээллийн эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар “Цар тахалтай холбоотойгоор банк, санхүүгийн реформ хийх чиглэлээр УИХ ажиллаж, гаргаж буй шийдвэрийн талаар танилцуулахаар мэдээлэл хийж байна. Энэ долоо хоногт УИХ-ын хаврын чуулганы нээлтээ хийж, хамгийн эхний ээлжинд Цар тахлын үед ард иргэдийнхээ эрүүл ахуйг хамгаалж, орлогыг хамгаалах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах багц арга хэмжээг гурав хоногийн хугацаанд шуурхай хэлэлцэж, тусгай дэгээр хуралдаж шийдвэрлэлээ. Өнөөдөр албажуулж байна. Засгийн газраас өргөн барьсан долоон багц арга хэмжээгээр зарим өөрчлөлт тодотголуудыг хийж эцэслэн баталлаа. Цар тахал гарснаас хойш гурван сарын хугацаанд УИХ-аас Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажилласан. Мөн Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан банкны салбарын реформ, цахим шилжилт, зээл, зээлийн хүүг бууруулах, эдийн засгийг дэмжих багц арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэ төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан энэ талаар ажлын хэсгийн дарга Б.Баттөмөр гишүүн танилцуулна.

"Ковид 19″ цар тахлын үед эдийн засгийн тогтвортой байдлыг хангах төлөвлөгөөний ажлын хэсгийн даргаар Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн гишүүн ажиллаж, яаж хүчээ нэгтгэн хямралыг давж гарах вэ гэдэг төлөвлөгөө боловсруулж ажилласан.

Шатахууны үнийг тогтвортой байлгах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс шатахууны үнийг 300 төгрөгөөр хямдруулна. Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг ирэх долоо хоногоос хэлэлцэж эхэлнэ. Банкны өөрийн хөрөнгийн 500 хүртэл сая төгрөгийн зээлийн хүүд гурван сарын хугацаанд тодорхой хөнгөлөлт үзүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ипотекийн зээлийг дэмжих чиглэлээр эмч, эмнэлгийн ажилтан, цагдаагийн ажилтнуудыг тусгай нөхцөлөөр энэ төрлийн зээлд хамруулна. Ингэснээр 100 мянган ажлын байрыг Улаанбаатар хотод хадгална гэж тооцож байна. Мөн Х.Нямбаатар гишүүнээр ахлуулсан Цар тахлын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулж байна. Хуулийн төслийн саналыг Засгийн газарт хүргүүлнэ. Энэ хуулиар төсвийн тодотгол хийх эрхийг Засгийн газарт шилжүүлнэ" гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ, төрийн албан хаагчид ажлаа алдаагүй учир нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтөд хамрагдахгүй. Их, дээд сургуулиудын асуудал орхигдсон байсан учраас нэмж оруулсан. Гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр төсөл хэрэгжүүлж буй кромпаниудын ажилласад голдуу гадаад ажилчид байдаг учраас төсөвт өртөгт нь нийгмийн даатгалын шимтгэл суучихсан байдаг учир хамрагдахгүй. Мөн хөнгөн ялтай ялтнуудыг ажил хийлгэх байдлаар суллаж, өршөөх асуудлыг ярьж байгааг дуулгалаа. Мөн Төсвийн тодотгол хийх эрхийг Засгийн газарт шилжүүлэхийг мэдэгдэв.

“Ковид-19”-ийн үеэр нэмэлтээр 11 арга хэмжээ авахаар болсон. Цар тахлын үед дэлхий даяар хямарч байна. Энэ үед ноолуурын үнийг урьдчилан хэлэх, тогтоох аргагүйгээр өдөр бүр өөрчлөгдөж байна.

    Түлш, шатахууны үнэ хямд байгаа энэ үед хямд нефть импортлох гэрээ амжилттай хэлэлцэгдэж байна. Санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа. Оросын улстай амжилттай хэлэлцээр хийсний үр дүнд алт хөтөлбөр хэрэгжүүлэх, хямд нефт авахаар болсон.
    Шатахууны үнээ тогтвортой байлгах бодлогыг боловсруулж, Монголбанк хамтран хэрэгжүүлнэ. Дөрөвдүгээр сарын 15-наас шатахуун 300 төгрөгөөр хямдарна. Цаашид 400 төгрөгөөр хямдруулна.
    Банкны өөрийн хөрөнгийн 500 хүртэл сая төгрөгийн зээлийн хүүд гурван сарын хугацаанд тодорхой хөнгөлөлт үзүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг ирэх долоо хоногоос хэлэлцэж эхэлнэ. Банк олон нийтийн хяналтад орно.
    Өвчний тэргүүн фронтод ажиллаж байгаа эмч ажилчид, төрийн тусгай албан хаагчдыг тусгай нөхцөлөөр олгох ипотекийн зээлд хамруулна. Ингэснээр 100 мянган ажлын байрыг Улаанбаатар хотод хадгалах гэж үзэж байна. Мөн нийт зургаан сараар ипотекийн зээлийн хүүгийн төлөлтийг хойшлуулж байна.
    Нэг зээлдэгчид батлан даалт гаргах
    “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
    Татан буугдсан банкуудад байгаа төлбөрт Хураагдсан хөрөнгийг эдийн засгийн эрэлтэд оруулж улсын хэрэгцээнд ашиглах ажлын хэсэг байгуулагдсан. 400 гаруй хөрөнгийг хураан авч битүүмжлээд байгаа.
    ББСБ-уудыг цэгцлэх, нээлттэй ил тод хариуцлагатай болгоно. Дижитал буюу цахим хэлбэрт шилжүүлэх. Мөнгө хүүлэлтийн эсрэг хууль өргөн барьж батална.
    Үүрэн телефоны компаниудтай уулзаж, цахим шилжилт болгохоор тохиролцлоо. Төсвийн тодотгол хийх ажлыг Засгийн газарт хариуцуулна.

БОДЛОГЫН ХҮҮГ ДАХИН НЭГ ХУВИАР БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ

Мөн Монголбанкны бодлогын хүүг нэг хувиар дахин бууруулахаар болж байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээллийн үеэр онцолсон юм. Зах зээл, валютын нөөц гээд холбогдох судалгаануудыг хийж шийдвэр гаргаж байгаа бөгөөд зээлийн хүү буурах нэг боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа гэв.  Монголбанкны Мөнгөний бодлогын хороо гуравдугаар сарын 11-ний өдрийн ээлжит хурлаараа бодлогын хүүн нэг нэгж хувиар бууруулж, 10 хувь болгосон бол ийнхүү 9 хувь болгох боломж бүрдэж байна. УИХ банкны реформ хийхээр ажлын хэсэг байгуулсанб өгөөд ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахалж байгаа юм. Тэрбээр "Монгол Улсад аливаа тусгай зөвшөөрлийг хэтрүүлж олгох үзэгдэл явсаар ирсэн. Үүний нэг нь банк. 3.2 сая хүн амтай, 40.7 их наяд төгрөгийн эдийн засагтай Монгол Улсад таван банк татан буугдаж, 13 банк үйл ажиллагаа явуулж байна. Хэдэн банк байх ёстой вэ гэдгийг судалж байна. Хэтэрхий олон банк байгаа нь өөрийн хөрөнгө дутуу, хэрэглэгчдээс хадгаламж уралдаж татдаг. Үүнээс үүдээд хүү өндөр байна.

Мөн банк нэг эзэнтэй байна. Тиймээс төвлөрлийг бууруулж, нэг хувьцаа эзэмшигч 20%-аас ихгүй хувийг эзэмшдэг байхаар зохицуулна. Ингэснээр банк нээлттэй, ил тод, олон нийтийн хяналттай байх бөгөөд дижитал, цахимжсан банкны системтэй болох зорилт тавьж ажиллана. Энэ хүрээнд олон ажил хийгдэнэ. УИХ-аар хэлэлцэгдээд эрх зүйн шинэчлэлүүд хийгдэх замаар хүү тогтмол буураад явна" гэлээ.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ТӨЛӨЛТИЙГ ХОЙШЛУУЛАХ ХУГАЦААГ ЗУРГААН САР БОЛГОЛОО

Мөн ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах хугацааг дахин гурван сараар нэмсэн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо. Тэрбээр "Ипотекийн зээл болон зээлийн хүүг бууруулах, зээлийн санхүүжилтийг энэ онцгой нөхцөлд Монголбанк зээлийн эргэн төлөлтөөс нь санхүүжүүлж, жилд 300 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргах боломжтой гэж үзсэн. Тэр дундаа нойр хоолгүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, төрийн тусгай албан хаагчдыг дэмжих шаардлагатай гэж үзэж, тусгай зохицуулалтаар ипотекийн хөтөлбөрт хамруулна. Нөгөө талаар эдийн засгийн эрэлтийг дэмжих, 100 мянган ажлын байр хадгалах салбар нь барилгын салбар болоод байна. Бусад бизнес хүндрэлтэй болсон. Улаанбаатарт орон байрны эрэлт хэрэгцээ байсаар байна. Тиймээс эрэлтийг нь дэмжих буюу санхүүжилтийг тусгай зөвшөөрөл өгөх гадаад дотоод эх үүсвэр татах замаар боломжийг нээж өгч байна. Борлогдоогүй 58 мянган орон сууц байна гэсэн судалгаа байна" гэсэн юм.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мөн энэ талаар тайлбар хийв. Тэрбээр "Ипотекийн зээлийн 5, 8 хувийн хүүтэй 65 мянган иргэний зээл МИК-ын барьцаанд байдаг. Банкан дээр байхгүй гэсэн үг. Тиймээс зээл хойшлуулах асуудлаар банк иргэдийн хүсэлтийг авахгүй байсан байх. Бид энэ асуудлыг МИК-тай ярилцаад зөвшөөрсөн тул иргэд ямар нэг тайлбаргүйгээр хүсэлт гаргаад ипотекийн зээлээ хойшлуулах боломж бүрдсэн. Үүнийг зургаан сар болгон сунгахаар болж байна.  Одоогоор арилжааны банкуудын таван их наяд төгрөгийн чөлөөт мөнгөн үлдэгдэл байна. Тиймээс эх үүсвэр хангалттай гэж үзэж байгаа. Нөгөө талаар Монголбанк бодлогын хүүн дээр нэмэх нэг хувийн хүүгээр банкуудад эх үүсвэр нийлүүлэх боломж нээлттэй" хэмээн хэллээ.

Сэтгэгдэл бичих