Д.Сарангэрэл сайдын сануулга аюултай биш гэжүү?

    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Эрүүл мэндийн яамны цахим хуудсаар дамжуулан коронавирусний халдвараас сэргийлэхийг нийт иргэддээ хандан удаа дараа уриалсаар байгаа билээ.

Үнэндээ маск зүүсэн Ази, маск үгүй Европоос аюул багатай байгааг дэлхий нийтээр харж байна. Эхэндээ хүн төрөлхтөнд ойлголтын зөрүү гарч байсан ч энэ нь аажимдаа бодит үнэнд нэгдэж байна.

Манай Эрүүл мэндийн яамныхан болон, тус салбарын цагаан нөмрөгтэй баатруудыг хэдэн сар хэрхэн ажиллаж байгааг бид мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Ямар сайндаа хэвлэлийн хурлыг нь харах бүрийдээ сайдаасаа эхлээд эмч хүртлээ энэ нөхдүүд нэг л өдөр унах вий дээ гэж хүртэл бодогддогийг нуух юун.  Үнэнтэй нүүр тулаад удаж байгаа хүмүүсийн үг үйлдэл бүгд үнэн байдаг. Энэхүү үнэнийг хагас каринтилагдаад сошиал, гудамж хоёроо ялгахгүй масктай маскгүй сэлгүүцээд эхэлчихсэн бид яаж мэдэх вэ дээ. Манай эрүүл мэндийн салбарынхан Covid-19-ийн эсрэг бодит мэдээллээр өвч зэвсэглэж  сэрэмжлүүлж тулалдаж чадаж байгаа гэдгийг энд хэлэхээс өөр аргагүй. Мэдээллийн ил тод, шуурхай байдлаар иргэдийнхээ мэдэх эрхийг хангах, сэтгүүлзүйг соён гэгээрүүлэх агуулгаар нь ашиглаж, шинэ соёл түгээх, иргэдрүүгээ орж энгийн дотно үгсээр сошиалаар нөхөрсөг зөвлөх, аюулган ятгах гээд маш олон тактикаар ажиллаж байгаа арга барилаас харахад дижитал эрин үед аль ч салбар дээр мэдээлэлд дарлуулагч биш, мэдээллийг түгээх аргыг эзэмшигч байх мэдлэг, эрх мэдэл ямар үнэ цэнэтэй чухал үзүүлэлт болохыг харж байна.

   Тийм шүү шуудхан хэлчихье. Ямар азаар бид энэ хүнд хэцүү үед, эрсдэл нүүрлэж байгаа салбар дээр "сэтгүүлч сайд"-тай байсан юм болоо.

 Тэрээр өчигдөрхөн иргэддээ өнгөрсөн үеийг сануулан урам өгч, дахин сэрэмжлүүлэн, аюулган ятгахдаа: -"ХӨСҮТ-ийн лабораторийн эрхлэгч Б.Дармаа доктороосоо би Франц иргэнээс монгол иргэд яагаад халдвар авсангүй вэ гэхэд тэрээр "Сайд аа, гуравдугаар сарын 2-нд монголчууд бүгдээрээ маскаа зүүдэг болсон байсан. Тэрний үр дүн гарлаа" гэж хэлсэн.

Тиймээс би ард иргэддээ маскнаасаа битгий салаач, гараа тогтмол угааж, олон хүнтэй газраар битгий яваач, монголчууд бид дахиад дөрөв, тавдугаар сард тэсэх хэрэгтэй байна. Эс бөгөөс том аюул болно" гэдгийг сануулмаар байна гэжээ.

 Аюулт цар тахалтай тэмцэж буй дэлхийд учир мэдэх ёс зүйтэй хүмүүс зөвхөн үнэнийг хэлж байна. Covid-19 өвчний вакцин бүтээх 100 орчим төсөл хэрэгжиж байгаагийн дотор хамгийн их найдлага төрүүлж буй 10 төсөлийн нэг болох CEPI (Coalition for Epidemic Preparedness innovations) төслийг санхүүжүүлж байгаа тэрбумтан Билл Гэйтс 2021 оны есдүгээр сарын орчимд буюу одоогоос 18 сарын дараа анхны вакцин бэлэн болно хэмээн мэдэгдлээ. Энэ нь ихэнх хүмүүсийн төсөөлж байгаагаас урт хугацаа бөгөөд дэлхийн хүмүүсийн урмыг хугалах боловч нүцгэн үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй бодит мэдээлэл  юм. Өнөөдөр дэлхийн газрын зураг дээр Covid-19, Корона хаанчилж байна.

Хүн төрөлхтөн хөгжих тухай хоорондоо ярихаа больж, тэсч үлдэхийн тухайд хичээж байна. 

 Ямартай ч Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монголчууд бид дахиад дөрөв, тавдугаар сард тэсэх хэрэгтэй байгааг сануулж байна. Гэтэл бидний зарим нь гадуур маскаа ч мартчихсан харайж явах. Мэдээлэлд ойр байгаа, бас бусад орны нөхцөл байдал дээр анализ хийж байгаа эрхэм сайдын сануулга аюултай санагдахгүй байна гэжүү?


W.Bаt