Билл Гэйтсийн цар тахлын талаар дуулгасан сайн ба муу мэдээ

Майкрософт компанийн үүсгэн байгуулагчдын нэг, тэрбумтан Билл Гэйтс өчигдөр Linkedin сүлжээгээр коронавирусийн цар тахлын сэдэвтэй хүмүүсийн асуултуудад хариулжээ.

Тэрээр таван жилийн өмнө халдварт өвчин дэлхий нийтэд аюул занал учруулж болзошгүй тухай анх ярьж байсан юм. Тэр бас буяны сангаараа дамжуулан эрүүл мэндийн олон судалгаа, төслүүдийг санхүүжүүлдэг.

Билл Гэйтсийн хүмүүст өгсөн хамгийн таагүй мэдээлэл нь коронавирусийн вакцин хэзээ бэлэн болох тухай байв.

Түүний үзэж байгаагаар 2021 оны есдүгээр сарын орчимд буюу одоогоос 18 сарын дараа анхны вакцин бэлэн болох гэнэ. Энэ нь ихэнх хүмүүсийн төсөөлж байгаагаас урт хугацаа юм. Одоо дэлхий даяар Covid-19 өвчний вакцин бүтээх 100 орчим төсөл хэрэгжиж байгаагийн дотор хамгийн их найдлага төрүүлж буй 10 төсөл байгаа ажээ. Тэдгээрийн нэг болох CEPI (Coalition for Epidemic Preparedness innovations) төслийг Гэйтсийн Bill & Melinda Gates Foundation сан хэсэгчлэн санхүүжүүлж байгаа гэнэ.

Харин Билл Гэйтсийн дуулгасан хамгийн сайн мэдээ нь коронавирусийн цар тахлын дараа хүн төрөлхтөн дахин ийм хэмжээний гамшигт нэрвэгдэх магадлал бага байх ажээ. Учир нь энэ удаагийн гамшгийн үед улс орнууд туршлага сууж, эрүүл мэндийн системээ сайжруулснаар ямар нэг халдварт өвчнийг дахин дэлхий нийтийг хамрах хэмжээнд хүртэл өргөжүүлэлгүй дарж чадна гэж Гэйтс үзэж байна.

Үүнээс гадна АНУ тавдугаар сарын сүүлч гэхэд коронавирусийн тахлаа хяналтад оруулж, улс орны эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал нь идэвхжинэ гэж тэр тооцоолжээ.

Гэхдээ энэ үеэр үйлдвэр, бизнесүүд нээгдэж, хүүхдүүд сургуульдаа явж эхлэх ч спортын уралдаан тэмцээн зэрэг олныг хамарсан арга хэмжээнүүд вакцин гарах хүртэл завсарлах ёстой гэж үзэж байгаагаа Билл Гэйтс илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: GatesNotes.com ikon.mn

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Chicken game - 39.115.114.992020-04-09 21:04:08

Ковид г бүтээсэн хүн амжилт гаргасан олон хүн аож чадаж байна. Улам л хэцүү вирусууд ыг бүтээнэ байх

Theory of broken window - 39.115.114.992020-04-09 21:02:25

Мэрс сарс 2 ийм их хохирол учруулаагүй. Хойшид улам л хэцүү өвчин гарч ирээл байх болно