Коронавирусийн улмаас АНУ, Европт нөхцөл байдал хүндэрч, эндэгдлийн тоо дээд хэмжээнд хүрлээ

      Сүүлийн байдлаар дэлхий даяар Covid-19 өвчний халдвар авсан хүний тоо 1.5 саяыг давлаа. Европ тивд Испани, Итали, Франц зэрэг улсууд коронавирусийн тахалд хамгийн хүнд нэрвэгдээд байгаа бол өчигдөр Их Британид 938 хүн нас барж, нэг өдөрт бүртгэгдсэн эндэгдлийн тоо нь хамгийн дээд хэмжээндээ хүрчээ.

Тус улсын ерөнхий сайд Борис Жонсон халдвар авч, Лондон хотын эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт гурав хонож байна.

АНУ-д нийт халдварын тохиолдлын тоо өчигдөр 400,000-ын босгыг давсан нь дэлхийн бусад улс орнуудыг хол хаясан муу үзүүлэлт боллоо.

Сүүлийн 24 цагийн хугацаанд АНУ даяар 1,858 хүн Covid-19 өвчнөөр нас барсан нь мөн нэг өдөрт бүртгэгдсэн эндэгдлийн дээд хэмжээ болжээ.

Тахлын хамгийн том голомт Нью Йорк мужид 779 өвчтөн нас барсан байна. АНУ-ын нийт эндэгдлийн тоо 14,000-д хүрчээ.

Сэтгэгдэл бичих