2020 оны дотуур хувцасны чиг хандлага

  • 2020 оны дотуур хувцасны чиг хандлагад эмэгтэй хүн бүрийн онцлогоос үл хамаарсан гоо үзэсгэлэнгийн хэв шинжийг хадгалах, тав тухыг эрхэмлэх хандлага зонхилж байна

Хамгийн халуухан бүсгүйчүүдийг нэг дор цуглуулж, хатуулгатай хөхөвч, гоёмсог деталиуд бүхий гоолиг хослолуудыг сурталчилдаг Victoria’s Secret брэнд бүсгүйчүүдийн гоо сайхны хэм хэмжүүр болж байсан гэхэд хилсдэхгүй. Гэвч дэлхий ертөнц хавтгай болохын хэрээр загварын салбарт өндөр туранхай төдийгүй махлаг, арьсны өвчинтэй, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг төрөл бүрийн моделиуд хүч түрэн орж ирж, хүн төрөлхтний гоо сайхны жижигхэн хэмжүүр хүрээгээ тэлсээр байна. Улмаар дотуур хувцасны чиг хандлага, гоё сайханд тооцогдох загварууд ч өөрчлөгдөж эхэллээ. Өдгөө дотуур хувцас олон төрлийн хэмжээ, өнгө, загвартай, биед эвтэйхэн байдлыг чухалчлах болсон. Худалдан авагчдад зөвхөн хувцас төдийгүй өөртөө итгэх итгэлийг ч түгээх болсон. Ингээд уншигчдадаа дотуур хувцасны энэ жилийн трэндийг танилцуулъя.

Та ямар ч биетэй байсан халуухан харагдаж чадна

Дотуур хувцасны зах зээлд хүч түрэн орж ирсэн Lonely брэндийг энд онцолъё. Учир нь загварын чиг хандлага, биеийн хэмжээ, галбир зэргээс үл хамааран хүн бүрт сайхан харагдах боломж олгоход чиглэж буй бөгөөд тус брэнд моделийнхоо зургийг янзлахаас татгалзаж, бүх л өө сэв, дутагдлынх нь хамт сурталчилдаг байна. Жирэмсэн эхчүүд ахимаг насныхан, хөхүүл хүүхэдтэй ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй бүсгүйчүүд гээд амьдралынхаа аль ч цаг үед эмэгтэй хүн та сайхан харагдах эрхтэй.

"Уйтгартай" гэгддэг чиг хандлага тренд байсан хэвээр

2019 онд уйтгартай гэгддэг галбиржуулагч дотуур хувцасны эрэлт өссөн талаар худалдааны систем боловсруулагч Edited компани мэдээлж байв. Тэгвэл энэ чиг хандлага одоо ч өөрчлөгдөөгүй байна. Тийм ч загварлаг биш, энгийн хэв маягтай энэхүү загвар нь биед тухтай байхын сацуу галбирыг засч харагдуулдаг аж. Энэ төрлийн дотуур хувцсыг та Skims, Wolford, Spanx, Calvin Klein брэндүүдээс сонгох боломжтой.

Хамба хилэн дотуур хувцас өөр мэдрэмж төрүүлнэ

Дахиад л өнөөх тав тух. Бид хамба хилэн өмд, цамц, даашинз, хослол хүртэл өмсдөг. Харин дотуур хувцас гэж төсөөлж байсан уу. Хэрэв танд итгэмээргүй зөөлөн зүйл, тухтай байдал, тансаг мэдрэмж хэрэгтэй бол хилэн дотуур хувцас өмсөж үзэхийг загварын акулууд санал болгож байна. Энэ төрлийн дотуур хувцас таныг илүү уян зөөлөн, эрхэмсэг харагдуулах ид шидтэй. Yandy, Maison Lejaby зэрэг брэндүүдэд өргөн сонголт бий.

Bodysuit олон янзын дүр төрхийг бүтээдэг

Bodysuit хэдийн эмэгтэй хүний дотуур хувцасны шүүгээнд байх ёстой зүйлсийн нэг болж, эрэлт нь сүүлийн хэдэн жил тасралтгүй өсөж байна. Энэ төрлийн загвар танд олон янзын дүр төрх бүтээх боломжийг олгож, тансаг бас үзэсгэлэнтэй болгоно. Та bodysuit-ээ пиджакны дотуур өмсөж, хувцаслалтынхаа нэг хэсэг болгох, эсвэл орон дотроо өөрийгөө тунхаглахдаа ч ашиглаж болно. Coco de Mer, Lovers + Friends, Oh La La Cheri зэрэг брэндүүдийг санал болгоё.

Тэгш бус хэм залуухан бас сахилгагүй мэдрэмж өнгө

Ингэхэд хэн бүх зүйлийг тэгшхэн байх ёстой гэсэн юм бэ. Хувцас загварын бүх л төрөлд тэгш бус хэмийг ашигласаар ирсэн. Дотуур хувцсанд ч ялгаагүй. Тэгш бус хэм залуухан, цоглог, гал цогтой бас бага зэрэг дүрсгүй хэв маягийг бүтээдэг. Бяцхан тоноглол, уяа нэмчихвэл бүр ч гайхалтай. Natori, Journelle мөн бидэнд хайрлагдсаар ирсэн Victoria secret-ээс сонголт хийж болно.

Сэтгэгдэл бичих