Газраа байраар сольсон айлууд бууриа цэвэрлэхгүй бол түлхүүрийг нь олгохгүй

Газраа байраар сольсон айлууд бууриа цэвэрлэхээс нааш байранд орох эрх, түлхүүрийг нь олгохгүй байх хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэллээ.   

Тэрбээр өчигдөр Баянхошуу дэд төвийн ажлын хүрээнд хийгдэж буй үерийн сувгийн далангийн дагуух тохижилтын ажлын гүйцэтгэлийг шалгажээ. Гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Дүүрэн трейд” компаний ерөнхий инженер Н.Бадмааванчин “Далангийн тохижуулалтын ажил 35 хувьтай хийгдэж байна. Төлөвлөсөн төлөвлөгөө, графикийн дагуу ажил хэвийн үргэлжилж байна. Хүндрэл бэрхшээл ажилд саад болж байгаа зүйл харьцангуй бага байна” гэжээ. 

Хотын Захирагчийн зүгээс далангийн тохижуулалтын ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхийг хүсэн газраа байраар сольсон айлууд бууриа цэвэрлэхээс нааш байранд орох эрх, түлхүүрийг нь олгохгүй гэв.  

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зорилго нь цаашид тухайн дэд төвүүд барилгажих, нийгэм эдийн засгийн хувьд бие даан хөгжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, инженерийн болон дэд бүтцийн хангамжийг цогцоор нь шийдэх аж. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хот шинэчлэл, хот байгуулалтын хүрээнд хийж буй урт хугацааны шийдэл юм.

Сэтгэгдэл бичих