Төсвийн байнгын хороо найман асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы Төсвийн байнгын хорооны анхны хуралдаан  өнөөдөр (2020.04.07) 11 цаг 20 минутад эхэлж, найман асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.  Хуралдааны эхэнд Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн "Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй  хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдвар (СО\/ID -19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг сунгасан. Тогтоол батлагдсантай холбогдуулан аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллуулах, ресторан, нийтийн хоолны болон үзвэр, үйлчилгээний байгууллагуудын болон иргэний бизнесийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байгааг дурдав.

Төрийн байгууллагын шийдвэрээр тогтоосон хязгаарлалт нь татвар төлөгч аж ахуйн нэгжүүд, тэр дундаа үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын жижиг, дунд бизнес, туүнчлэн улмаар өрх, иргэдэд санхүүгийн эрсдэлийг бий болгож байна. Тухайлбал, аж ахуйн нэгжүүд цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадахгүй болж байгаагаас гадна ажилтнууддаа цалингүй чөлөө олгох, цаашлаад ажлаас халах хүртэл арга хэмжээ авч эхэлж байна. Иймд хувийн хэвшлийн ажил олгогч, ажилтны татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг хөнгөвчлөх, ажил олгогчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх, алданги, торгуулиас чөлөөлөх зэрэг арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх замаар бизнес эрхлэгчид ажилтнаа цалинжуулах, ажлын байраа хадгалж үлдэхэд нь төрөөс дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгааг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулгадаа онцолсон.

Коронавируст халдвар (СО\/ID -19)-ын цар тахлын үеийн эрсдэлийг даван туулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх багц арга хэмжээний чиглэлийг тодорхойлсон Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, Иргэдийн орлогыг хамгаалах, Ажлын байрыг хадгалах, Эдийн засгийг идэвхжүүлэх гэсэн үндсэн 4 чиглэлд хамаарах 14 арга хэмжээг тодорхойлжээ. Түүнчлэн тогтоолын төсөлд төсвийн орлогын бүрдэлтэй уялдуулан мөнгөн хөрөнгийн зохицуулалтын хүрээнд төсвийн зарлагыг эрэмбэлэн санхүүжүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг оновчтой удирдан зохион байгуулах, төсвийн аливаа мөнгөн хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг төрийн сангийн нэгдсэн дансанд төвлөрүүлэн удирдах зэргээр төсвийн үр ашгийг сайжруулж ажиллах талаар тусгажээ. Тогтоолын төсөл батлагдсанаар коронавируст халдвар (СО\/ID-19)-ын цар тахлын үед аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр батлагдах хуулиудын хэрэгжилт эрчимжиж, төрийн санхүүгийн мөнгөн хөрөнгийг оновчтой, үр ашигтай удирдах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ш.Раднаасэд, З.Нарантуяа, О.Батнасан, Д.Оюунхорол, Ж.Мөнхбат нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс цар тахлын улмаас хэчнээн аж ахуй нэгж хаагдаж, хэдэн мянган хүний орлого багасч байгааг лавлахын зэрэгцээ төрийн албан хаагчдыг нийгмийн даатгал болон хувь хүний орлогын албан татварын чөлөөлөлтөд хамруулаагүй шалтгааныг тодруулав. Мөн килограмм ноолуурыг 100 мянган төгрөгөөр худалдан авахад нийт хэчнээн малчин өрх хамрагдах, худалдан авсан ноолуураа хэрхэн ашиглах,  200 мянган төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжид хэчнээн иргэн хамрагдахаар байгааг  илүүтэй лавлав. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, коронавирус дэлхий нийтийг хамарч цар тахлын хэмжээнд хүрсэн нь  төр, аж ахуй нэгж, иргэдийн санхүү, эдийн засагт цохилт өгч байна. Засгийн газар энэ цаг үед төр илүү ачаалал авах нь зүйтэй гэж шийдвэрлэснийг тодотгоод ажлын байр нь баталгаатай төрийн болон төрийн өмчит компанид ажилладаг албан хаагчдын татварыг хэвээр үлдээсэн гэж байлаа. Мөн тэрбээр, цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалсан, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн 6 сарын хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөхөд нийт 640 мянган хүн хамрагдаж байна гэж байлаа. Түүнчлэн төрийн шийдвэрээр үйл ажиллагаагаа зогсоож, ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжид ажиллагсдад 200 мянган төгрөг олгохоор тогтоосон ч, цар тахлын хэмжээ хаана хүрч, хэзээ дуусах нь тодорхойгүй учир энэ асуудалд  одоогоор нэгдсэн тоо гаргах боломж байхгүйг Сангийн сайд хариултдаа тодотгов. 

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд  Ч.Улаан нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр худалдан авахаар тооцоход 300 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ нь нийт бэлтгэх ноолуурын 30 хувь гэдгийг хариултдаа онцолсон. Монголд 233 мянган малчин өрх 10,2 тонн ноолуур бэлтгэх тооцоо байгаа ч  үүнээс 3000 тонн-д дэмжлэг үзүүлж, үлдсэн 7000 тонныг нь гадаадын хөрөнгө оруулагчид авдаг уламжлалтай. Дотооддоо 3000 тонн ноолуур авч, угааж, самнаж, эцсийн сүлжмэл бүтээгдэхүүн хийх бүрэн хүчин чадалтай гэж байлаа. 

Ингээд гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй  хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 73.3 хувь нь үзлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 6 гишүүнээс  2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.  

Төсөл санаачлагч гишүүн Л.Энх-Амгалан танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурал 2003 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн аудитын тухай хуулийг баталсан бөгөөд өнгөрсөн хугацаанд тус хуульд 10 удаа нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байна. Эдгээр нэмэлт, өөрчлөлтийг оруулах явцад анх батлагдсан хуулийн 58 хувь нь өөрчлөгдөж, хуулийн бүтэц, нэр томьёо, хэсэг, заалт хоорондын уялдаа алдагдсан. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.” гэж нэмсэн. Иймд төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, татвар болон татварын бус орлого, байгалийн баялгийн ашиглалтаас бүрдсэн нийтийн өмчийг зохистойгоор төлөвлөх, тайлагнах, ашиглах, зарцуулах үйл ажиллагаанд тавих хяналтын эрх зүйн үндсийг тогтоох зорилгоор Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсныг дурдлаа.

Хуулийн төсөл нь 6 бүлэг 44 зүйлтэй бөгөөд төсөл батлагдсанаар Төрийн аудитын байгууллагын аудит хийх шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй, хараат бус, бие даасан, хууль зүй, эдийн засаг, хөндлөнгийн зүй бус нөлөөллөөс ангид байх баталгаа хангагдаж, төрийн санхүү, төсвийн хяналтыг хэрэгжүүлэх Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа бодитоор хэрэгжих боломжтой болно гэж төсөл санаачлагчид үзжээ. Мөн Төрийн аудитын олон улсын стандартыг баримтлах, шалгагдагч этгээд төрийн аудитын байгууллага хооронд үүсдэг хууль хэрэглээтэй холбоотой маргаан буурах, төрийн албан тушаалтны төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүргийн хэрэгжилтийг мэдээлэх боломж бий болж, төрийн аудитын төлбөрийн акт, албан шаардлагын биелэлт заавал хангагдах нөхцөл бүрдэх ач холбогдолтой гэж төслийн танилцуулгад дурдсан байлаа.  

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Н.Амарзаяа, Б.Баттөмөр, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, хариулт авсны дараа Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.  

Гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь Засгийн газраас  2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслүүдийн талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулсан. 

ДЭМБ-аас коронавирусийн тархалт нийгмийн эрүүл мэндийн байдалд нөлөөлөх түвшинд хүрснийг, вирусийн тархалтын цар хүрээ нэмэгдэж байгааг, цаг хугацааны нөлөөллийг урьдчилан төсөөлөх боломжгүй байна. Иймд байгаль, цаг уурын онцлогоос хамааран дотоодын үйлдвэрлэл хязгаарлагдмал, импортын хэт хамааралтай хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих цаг үеийн шаардлага тулгарчээ.

Тиймээс хүн амын 2020 оны хэрэгцээт гурилыг дотоодоо үйлдвэрлэх, тодорхой нөөц бүрдүүлэхэд 15.0 мянган тонн улаан буудайн үр, 60.0 мянган тонн хүнсний улаан буудай дутагдах тооцоо гарсан тул Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс импортлохыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан. Гэвч корона вирусийн дэгдэлттэй холбогдон гадаад болон дотоод нөхцөл байдал өөрчлөгдсөн тул стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх зорилгоор 150.0 мянган тонн хүнсний улаанбуудай нэмж импортлохыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн онцгой горимд шилжсэнтэй холбогдуулан иргэд хүнсний бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлж, их хэмжээгээр нөөцлөх болсон нь зах, худалдааны төв, дэлгүүрүүдэд нийлүүлэлтийн хомсдол үүсч болзошгүй нөхцөлд хүргэж байгаа тул уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор хүнсний улаанбуудай, үрийн улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2020 оны 3 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлөх зохицуулалт тусгагджээ.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.5 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Дараа нь Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 

Хууль, тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулсан. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 26 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 199 дүгээр тогтоолын дагуу 2014-2018 онд 32 удаагийн лицензээр 10 толгой цэвэр үүлдрийн адуу, 945 толгой үржлийн бусад адуу экспортолж, улсын төсөвт 142.6 сая төгрөг төвлөрүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд үржлийнхээс бусад малыг гадаадад гаргахад тусгай зөвшөөрөл, лиценз шаарддаггүй, дан ганц экспортын мэдэгдлээр гаргадаг байсан нь үржлийн малыг гаргах эрсдэлийг дагуулжээ. Түүнчлэн сүүлийн үед шинжлэх ухаан хурдацтай хөгжиж малын эд, эсээс өсгөвөрлөн, тухайн малыг гаргаж авах боломжтой болж байгаа нь зөвхөн үржлийн төдийгүй үржлийнхээс бусад мал, малын үржүүлгийн бүтээгдэхүүнийг төрийн хяналттайгаар гадаадад гаргах шаардлагыг улам бүр нэмэгдүүлж байгаа ба үүнийг лиценз олгох замаар хэрэгжүүлэх боломжтой болжээ. Мал, түүний үржүүлгийн бүтээгдэхүүнийг хяналтгүйгээр гадаадад гаргах нь хэтдээ монгол малын удмын сан алдагдахад хүргэж, эдийн засаг, нийгмийн эрх ашигт хохирол учруулж болзошгүй тул уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд Малын генетик нөөцийн тухай хуульд тайлбарлан хэрэглэсэн “мал”, "үржүүлгийн бүтээгдэхүүн” гэсэн нэр томъёотой нийцүүлэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг, 26.3.1 дэх заалтын “гүн хөлдөөсөн үр, хөврөл үр” гэсэн нэр томъёог өөрчлөхөөр тусгасан байна. Хуулийн төсөл батлагдснаар хууль хоорондын зөрчил арилж нэг мөр хэрэглэх боломжтой болохоос гадна гадаадад гаргаж буй үржлийн бус мал, малын үржүүлгийн бүтээгдэхүүний тоо хэмжээг хянах нөхцөл бүрдэх ба улсын төсвийн орлого нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат нар асуулт асууж, үг хэлэв. Ингээд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1  хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Санхүүжилт, зээлийн хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Монгол Улсад COVID-19-аас сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангахтай холбоотойгоор Засгийн газраас зээл, санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр болсныг гишүүдэд мэдэгдэн, хуралдааны цагийг сунгалаа.

Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Монгол Улсад COVID-19-аас сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” Зээлийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Тогтвортой амьжиргаа-3” төслийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулсан. 

Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Монгол Улсад COVID-19-аас сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл нь Монгол Улсын эмнэлгийн тусламж үйлчилгээг, чанартай, шуурхай хүргэхэд тусгайлан бэлтгэсэн эмнэлгийг бүх шатанд бэлтгэхэд чиглэжээ. Энэ ажлын хүрээнд нийслэлийн 3 эмнэлэг, есөн дүүргийн нэгдсэн эмнэлэг, орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, 1000 ортой эмнэлэг дэлгэн ажиллуулах зайлшгүй хэрэгцээтэй тулгарсан байна. Шинэ коронавирустай тэмцэхэд зориулж Дэлхийн банкнаас шаардлагатай орнуудад нийтдээ 14 тэрбум ам. долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн бөгөөд манай улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх 26.9 сая ам долларын өртөг бүхий “Монгол Улсад COVID-19-аас сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийг хэрэгжүүлж, санхүүжилтийн хэлэлцээрийг Дэлхийн банктай байгуулахаар болжээ. Санхүүжилтийн 13.1 сая ам.долларыг Олон улсын хөгжлийн ассоциациас олгох бөгөөд зээлийн хүү 1.25, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75 тус тус байх аж. Харин үлдсэн 13.8 сая ам.долларыг Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох болсныг танилцуулгад дурджээ. 

Харин Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн танилцуулгад, Монгол Улсад хотын төвлөрсөн дулаан хангамжийн систем нь анх 1959 онд үүсгэн байгуулагдаж 61 дэх жилдээ ашиглагдаж байгаа, дулаан цахилгаан хослон үйлдвэрлэдэг 3-н станц (ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4), дулааны 1 станц (Амгалан дулааны станц)-д үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчээр хэрэглэгчдийг хангаж байна. Дулааны эрчим хүчний эрэлт жилд 5- 8 хувиар тогтмол нэмэгдэж байгаатай холбогдуулан одоо байгаа шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй болж хүчин чадлын дутагдалд орсноос гадна нийт шугам тоноглолын 40 хувийнх нь ашиглалтын хугацаа 20-30 жилээр хэтэрч гэмтэл саатал ихээр гарч дулаан хангамжийн тасралтгүй, найдвартай байдлыг алдагдуулж байгааг дурдсан байна. Иймд эхний ээлжинд ДЦС-3-т үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг хотын сүлжээнд дамжуулдаг үндсэн гол шугам болох 5а, Зг магистралийг өргөтгөн шинэчлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлууд руу дулааны шугам шинээр татах ажлуудыг хийх, Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас нийт 41.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тохирчээ. Зээлийн хүү 1.25, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75, зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй аж. 

Түүнчлэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Тогтвортой амьжиргаа-3” төслийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл нь Дэлхийн банкны Олон Улсын Хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх аж. 2002 оноос хойш хэрэгжүүлж буй "Тогтвортой амьжиргаа" төслийн 1, 2 дугаар шатны хүрээнд орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний чанарыг сайжруулахад нийт 65.7 сая ам.долларын төсөл хэрэгжжээ. Төслийн үр шимийг 1,443,718 иргэн хүртсэн байна. “Тогтвортой амьжиргаа-3” төсөл нь 2014 оноос хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн (ОНХС) үйл ажиллагааны журам, холбогдох хууль, эрх зүйн өөрчлөлтүүдийг сайжруулан боловсруулж, батлуулж, мөрдүүлэх, орон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоотойгоор ОНХС-ийн үйл ажиллагааг үр дүнтэй удирдан зохион байгуулахад аймаг, сумын төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, төслийн хүрээнд хийгдэж буй жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр сумдад гүйцэтгэлд суурилсан урамшууллыг нэмж санхүүжүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байна. Төслийн үр дүнд ОНХС-ийн удирдлага, зохион байгуулалт сайжирч байгаа бөгөөд төслийг ийнхүү дэмжсэнээр  орон нутгийн хөгжлийг дэмжих, төсвийн төвлөрлийг сааруулах, уул уурхайн орлогоос ашиг хүртэх, Монгол орны бүс нутгийн хөгжлийг тогтворжуулахад үр дүнтэй байгаа тул "Тогтвортой амьжиргаа-3” төслийн хөгжлийн нөлөөллийг цаашид тогтвортой байлгахад туслах зорилгоор Дэлхийн банкнаас төслийг одоогийн дуусах огноо болох 2020 оны 10-р сарын 31-ний өдрөөс эхлэн хоёр жилээр сунгаж, нэмэлт 12 сая ам.доллар санхүүжилтийг Дэлхийн банкнаас олгохоор шийдвэрлээд байна. Зээлийн санхүүжилтийг Олон улсын хөгжпийн ассоциациас олгох бөгөөд зээлийн хүү 1.25, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75 байх ба зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө гэж танилцуулгад дурдсан. 


Харин Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран Улсын онцгой байдлын комиссын коронавирусын халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний стратеги, төлөвлөгөө, Засгийн газрын 78 дугаар тогтоолын хэрэгжилтийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт дарамт ачаалал ирэхээс урьдчилан сэргийлж, бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг үргэлжлүүлэн иргэдэд хүргэх, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор 300 сая ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг тусгасан “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг боловсруулжээ.

Ингээд дээрх дөрвөн Санүүжилтийн болон Зээлийн хэлэлцээрийн төслүүдтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгсангүй. Засгийн газраас өргөн мэдүүлсэн зээл, санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.