О.Болдбаатар: Мааньтаас есөн ялтан зэвсэглээд оргоход бид харин ч сайн ажилласан шүү

    Монголын рок, попын 1970-1980-аад оныхныг "Алтан үеийнхэн" гэдэг бөгөөд гол төлөөлөгчдийн нэг нь яалт ч үгүй СТА О.Болдбаатар.

Өдгөө тэнгэрийн оронд буй хань Н.Пүрвээтэйгээ хослон дуулж, Монголын рок, попын анхны дуэт болсон түүнтэй хийсэн ярилцлагыг та бүхэнд сонирхуулж байна. Бид ярилцаад нэлээн хугацаа өнгөрсөн ч тодорхой шалтгааны улмаас уншигчиддаа тэр дор нь хүргэж чадаагүй юм.

   Саяхан гэхэд л том охин нь тэнгэрийн орноо одсон ба амьдралын хатуу хүтүүг туулж яваа түүнийг нэг үеийн уран бүтээлчид төдийгүй найз нөхөд нь "Манай Болдоо үнэхээр хүн чанартай, эр хүн шиг эр дээ" гэж дүгнэдэг юм билээ. Юутай ч дуучныхаа гэр бүл болон төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.      

-Таны оролцсон "Монголд, Германд нэг удаа" нэвтрүүлэг тун сонирхолтой болж, үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадсан. Яагаад энэ нэвтрүүлэгт оролцох болов?                                              

-Өнгөрсөн зун "25-р суваг" телевизийн захирал Алтай утсаар ярьсан юм.      

-Болдоо, чи манай "Нэг удаа" нэвтрүүлгийг үздэг үү?                                                    

-Үздэг үздэг, сонин сайхан нэвтрүүлэг шүү.                        

-Миний хөгшин энэ удаагийнхад оролцоод Герман яваад ирээч...            

Би ч эхэндээ "Тоглож байна" гэж бодлоо. Тэгсэн найзын маань дууны өнгө, яриа нэг л албаны шинжтэй болоод явчихлаа шүү, "Энэ онд Монгол, Германы хооронд дипломат харьцаа тогтоосны 45 жилийн ой болж байгаа" гээд л. "Энэ нэвтрүүлэгт чинь малчин, адуучин, саальчин оролцдог биш бил үү?" гэтэл "Өө тэд нар зөндөө явсан. Энэ удаагийнхад чамайг сонголоо. Ер нь тэгээд би ганцаараа ч шийддэг юм биш. Олон хүний саналаар, уран бүтээлийн хурлаар чамайг явуулахаар шийдсэн" гэсэн. Эхлээд нэлээн цааргалсан ч би "25-р суваг"-ийн уран бүтээлчидтэй Берлин ниссэндээ.     

-Таны анх очиж байсан Германыг өнөөгийнхтэй нь харьцуулбал...   

  -Урьд нь би хоёр Герман нэгдсэний дараахан одоогоос 30-аад жилийн өмнө очсон болохоор өнөөдрийн Герман орон онц сонирхолтой байлаа. Нэгэн үед би Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар ажиллаж байв. Тэгээд хамт ажилладаг Эрдэнэбат найзтайгаа машин авчрахаар явсан юм. "Бенз-230Е", "Бенз-190", "Ауди-100" авчхаад хоёулаа хөглөж явсаар Хятадын Эрээн хотын намын хороонд үнэ хүргэн өгч байлаа. Тэр үеийн Герман орон өнөөдрийнхөөс тэс өөр. Гэхдээ байшин барилга нь биш хүмүүсийнх нь бусадтай харьцах харилцаа, хүндэтгэл, соёл, зүрхнийх нь хандлага  огт өөр болсон байна  билээ.

     Германчуудыг анх би их хүйтэн хөндий,хэтэрхий хувиа хичээсэн улс гэж боддог байв. Харин энэ удаагийн томилолт бодлыг маань тэс өөр болгосон. Би чамгүй олон орноор явж үзсэн ч энэ удаагийнх онцгой сайхан бас хариуцлагатай байлаа. Өндөр сайхан барилга, гоё ганган машин, гял цал гудамж талбай, идэж уух юм нь элбэг дэлбэг улс орныг хөгжилтэй гэдэггүй. Хүн нь хүнээ хайрлаж, тэднийхээ төлөө хариуцлага хүлээдэг, энэрэнгүй, цалиндаа тохируулж биш илүү ихийг хийхийн төлөө зүрх сэтгэлээ зориулдаг, нэг нь нөгөөдөө уриалгахнаар зам тавьж өгдөг, торгуулахгүйн тулд  дүрмээ мөрддөггүй, зүрхнийх нь хандлага зөв хүмүүсийн амьдардаг газрыг хөгжилтэй орон гэдэг. Германчууд бусдад ялангуяа монголчуудад маш элэгтэй хүмүүс. Бид нарын байрласан "BELGER HAUS" зочид буудлын эзэн Белгарь гуай өндөр настай ч яг л идэр залуу хүн шиг гайхалтай цог золбоотой нэгэн байсан. Манайханд дэндүү элэгтэй тэрээр Монголд ирээд нэгэн цэцэрлэгээр орж л дээ. Тэгтэл хүүхдүүдийн нэг хэсэг нь хоол идэж байхад нөгөө хэсэг нь хар цай ууж, талх идэж байж. Багшаас нь учрыг асуувал "Өө, эцэг, эх нь хоолных нь мөнгийг өгөөгүй хүүхдүүд талх идэж байгаа юм" гэжээ.

   Тэндээс гараад Белгарь гуай монгол хүүхдүүдийг өрөвдөөд уйлсан тухайгаа бидэнд ярихад нүднээс нь нулимс цийлэгнэхийг хараад гайхах бишрэх сэтгэл өөрийн эрхгүй төрсөн дөө. Тэгээд Белгарь гуай Германдаа ирээд, зочид буудлынхаа ресторанд "Монгол шөл" нэртэй хоол хийж, "Орлого нь монгол хүүхдүүдийн хоолонд зориулагдах юм" гэсэн чинь маш олон хүн ирж хооллодог болсон гэсэн шүү. Харин Белгарь гуай орлогоо нөгөө цэцэрлэг рүү явуулдаг юм билээ. Эдийн засгийн хувьд дэлхийд дөрөвдүгээрт ордог Барутмарк гэдэг хотод очлоо. Тэгсэн юу болсон гэж санана аа. Хотын засаг дарга Петер Линк гэж хүн жижигхэн машин өөрөө жолоодчихсон ирээд бидэнтэй уулзан хотоо танилцуулж, хамт хооллож, амьтны хүрээлэнгээр цуг явж үйлчилдэг байгаа.

Сүүлд сонсоход тэр үед бие нь чилээрхүү, гэртээ эмнэлгийн чөлөөтэй, эмчилгээ хийлгэж байсан юм билээ.Тэр хүнээс сурах юм мөн ч их байсан даа. Мөн Шёнефельд дүүргийн засаг дарга Үдо Хазе сүүлийн хэд хоног намайг олон сайхан газраар дагуулж явсны нэг нь үдэлтийн арга хэмжээ байлаа. Монголоор маш сайн ярьдаг, Монголын төлөө гэсэн сэтгэлтэй тэр хүн хотоос зайдуухан Мессенжер гэдэг хөгжилтэй фермер эрийнд намайг дагуулж зочлоход тэнд Монголын төлөө цохилох зүрх сэтгэлтэй олон герман хүн цугласан нь үнэхээр санаанд оромгүй явдал байлаа. Галын наадам хийж, бүр сүүлдээ бүхэл бүтэн 40 минутын турш салют буудуулсан шүү. Германд нэвтрүүлэг бэлдэх хугацаанд манай ЭСЯ-ны ажилтнууд, Янжиндулам гуай, гэргий Отгонбилэгтэйгээ маш их тусалсан даа. Харин Герман явахад өмнө нь тэнд элчин сайд байсан орчуулагч, эрдэмтэн Баярсайхан надтай хамт явж, бүхий л ажлыг минь зохицуулсан.                              

-Солилцоогоор ирсэн Маркусын талаарх таны бодол...                                         

-Надтай солилцоогоор ирсэн хоёр метр өндөр,монголоор сайхан ярьдаг Маркус гэдэг залуу манай зусланд Сувдаатай маань хамт байж, их сайхан дотноссон л доо. Маркус бол их хээгүй, монголжуу залуу байна билээ.                

-Зураг авалтын үеэр хөгжилтэй явдал бишгүй л тохиолдоо байлгүй...           

-Би Германаас ирчихсэн, хамт байхад зураглаачид "Хөөе, Болдоо ах аа та холдооч ээ. Дуранд орчих гээд байна" гээд л их хөгжилтэй. З ураг авалтын үед хөгжилтэй явдал их гарна аа.                                     

-Ингэхэд та яагаад цагдаагийн байгууллагад хүчин зүтгэх болсон юм бэ?                                                  

-Аав Очир маань Монголын цагдаагийн байгууллагын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны анхны дарга нарын нэг байсан юм. Ер нь аавынхаа зам мөрөөр цагдаа болсон гэж болно доо. 1980 онд тухайн үеийн Октябрийн районы сэргийлэх одоогийн Баянгол дүүргийн цагдаад төлөөлөгчөөр орсон. Тэр үед социалист өмч идэж ашиглагчдыг илрүүлэх нь онц чухал ажил байлаа.        

-Олон ч хэрэг дээр ажиллаа байлгүй. Санаанаас тань гардаггүй хэрэг гэвэл...         

-Тэр үед тууврын мал усалдаг цөөхөн худгийн нэг нь одоогийн Хүй долоон худгийн орчимд байсан юм.

Тэгтэл хэн нэгэн худгийн байрыг нураагаад, моторыг нь хулгайлсан хэргийг илрүүлэх үүрэг даалгавар авч, нэлээн явсны эцэст Ц гэгч үйлдсэнийг тогтоосон.  Ажилтнуудтайгаа олон ч хэрэг дээр хамтарч ажилласан даа. Мааньтаас есөн ялтан зэвсэглээд оргоход бид нар харин ч нэг ажилласан шүү. Ёстой өдөр шөнөгүй,өглөө үдэшгүй. Унтах нойр, идэх хоолоо мартаад л зүтгэж байлаа. Энэ явдал цагдан сэргийлэхийн ажилтан болоод удаагүй байхад гарсан юм. "Мааньтын хорих ангиас зэвсэглэсэн есөн хоригдол оргоод Улаанбаатарыг чиглэн явлаа" гэсэн мэдээг ерөнхий газраас авч, цагдаагийнхан бүгд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад, хэдэн өдөр нойр хоолгүй эргүүлд гарав. Оргодлууд эхнээсээ баригдаж байсан ч бидэнтэй нэг нь ч таарсангүй. Хоригдлуудын авч яваа макаров гар бууны дайзны пүрш алга болсон гэсэн мэдээ хүлээж авлаа. Тэд нар пүрш хайж байгаа нь мэдээж. Гэтэл нэг өдөр цайны цагаар манайхан өрөөндөө суугаагаараа унтах нь унтаж, рапорт илтгэлээ бичих нь бичиж байтал хэлтсийн дарга, дэд хурандаа Мишигдорж орж ирээд "Бүгд машиндаа!  Нөгөөдүүл чинь телевизийн эцсийн буудлын тэнд манайхантай буудалцаж байна гэсэн мэдээ авлаа" гэж чанга дуугаар хашхиран хэлээд гүйн гарах нь тэр. Ингээд цөмөөрөө гарч, хэлтсийнхээ "Газ 69" машинд чихцэлдэн сууж хөдөллөө. Харин сууж багтаагүй төлөөлөгч Гүнхэв бид хоёр хойшоо гүйж, төв зам дээр очтол тэр үед манайд орж ирээд удаагүй байсан цагдаагийн "Вартбург" машин баруун зүгээс ирж явсныг зогсоон суусан юм. Машин ч хар хурдаараа давхин, удаж төдөлгүй нөгөө "Газ 69"-ийг гүйцэж түрүүлэн давхилаа. Би хажуудаа суугаа Гүнхэвт "Эхлээд хоёулаа очиж таарах нь. Яадаг билээ" гэвэл тайван гэгч нь "Болгоомжтой л бай, зүгээр ээ" гэж байна.        

-Тэгээд та хоёр түрүүлж очсон уу?                                                                   

-Телевизийн эцсийн буудалд ойрттол машиныг маань харсан хэдэн хүүхэд гүйж ирээд "Ах аа,нөгөө буутай хүмүүс чинь яг энэ гудамжны цаана байгаа" гэлээ. Бид ч гудамж тойрч эргэтэл гудамжны голд манай ажилтан Нэргүй, Туваанжав хоёроос бага зэрэг зайдуухан буу бариад зогсоо нэг нөхрийн хажууд хамсаатан нь бололтой нэг эр явган суусан байдалтай харагдав. Бид нар хажууд нь очоод машинаасаа буусан юм. Буу барьж зогсоо нь Жамсран, явган суугаа нь Оюундорж гэгч оргодол болохыг би танилаа. Учир нь тэднийг зургаар нь зарласан байсан юм.

Жамсран нь буугаа гэнэт шанаандаа тулган, хойш ухарч хашаа налж зогсоод "Та нар бид хоёрыг барих гэвэл би өөрийгөө буудлаа" гээд гохны хий зайг тултал атгалаа.Тэрний бууны дайз байхгүй харагдав.Тэгтэл нөгөөх чинь "Одоо би та нарын хэнийг нь ч буудчихаж болно.Та нар мэргэжлийн улс болохоор миний бууны магазин байхгүйг харж байгаа. Гэхдээ хоолойнд нь нэг сум байгааг би өөртөө зориулчихъя" гээд чамархайндаа тулгалаа. Бид ч "Жамсраан чи буугаа өгчих. Ээж чинь Дарханд байдаг юм бол бид нар хүргэж өгч уулзуулъя. Оюундорж оо,чи найздаа хэлээч. Наад буу чинь аюултай шүү дээ. Бууг нь авахад туслаач" гэхэд тэр "Өө наадах чинь шийдчихсэн хүн" гээд ер хөдөлдөггүй.

Биднийг ойртвол л Жамсран гохоо дарахад бэлэн, нүд нь гялалзаад.

Төлөөлөгч Нэргүй, Туваанжав хоёр маань харьж,цай уучхаад хэлтэс рүүгээ явж байх замдаа тааралдсан сэжигтэй хоёр хүнийг шалгатал тэдгээр оргодлууд байж. Тэднийг нэгжих явцад нэг нь шууд буу гаргаж, манай хоёр ч өөдөөс нь буугаа гаргажээ. Тэгж байтал нөгөө муу "69" маань хүрээд ирлээ. Гудамжинд олон цагдаа болоход буу атгаатай Жамсран, Нэргүй төлөөлөгчид хандан "Та буугаа үлдээгээд энэ машины урд суу! Жолооч суу! Бид хоёр машины ард суугаад Дархан явъя. Харин араас ямар нэг машин дагахгүй шүү" гэлээ. Тэр үед Нэргүйд их гоё никель өнгөтэй Германы "Вальтер" гар буу байсныг би их шохоорхоно. Нэргүй маань "Өө, би өч төчнөөн нялх нойтон хүүхэдтэй хүн. Юу бодож, араасаа буу тулгуулчхаад явж байдаг юм бэ? Чадахгүй" гэлээ. Гэхдээ бид нар ярилцсаар л. Ямар ч байсан гэмт хэрэгтнүүд "Вартбург"-т суухаар болов. Тэр агшинд төлөөлөгч, хүндэт чекист Жамъянсэнгээ Жамсрангийн буутай гарыг цохихоор үсэртэл хажууд нь зогсоо оргодол Оюундорж Жамъян сэнгээгийн мөр лүү халти цохиход буу дуугарсан юм. Манай цагдаагийн байгууллагын шилдэг ажилтан, бидний бахархан дуурайх удирдах ажилтан болсон хүндэт чекист Жамъянсэнгээ хурандаагийн эр зоригийг би үргэлж бахархан дурсдаг. Гартаа буутай Жамсран газар хэвтэн чамархайнаас нь цус олгойдож байлаа. Ингэж тэр өөрийгөө хороосон доо.                                              

-Бусад оргодол яасан бол?                                                     

-Зарим нь Тужийн нарснаас, зарим нь өөр өөр газраас гэх мэтээр бүгд баригдсан.                    

-Өөр бас буу шуутай хэргүүд гарна биз?                       

-Өө гаралгүй яах вэ. Бас нэг удаа оргодол Александр,Адилбиш нар тайрсан калибрьтай явж байгаа мэдээ авлаа,бид. Мэдээж дахиад л эргүүл шалгалт. "Мах комбинат орчимд явж байна" гэсэн мэдээ авсан бид тийш яаравчиллаа. Оргодлууд зугтсаар гахайн заводын хашаанд ороход араас нь нэхэв. Гэтэл тэд бидний зүг буудлаа.Нөгөө хоёр чинь гахайн заводын хашаанд байх нэгэн навтгар байшингийн арын цонх хэлбэртэй жижиг нүхээр ороод таг болох нь тэр. Манайхан болгоомжлон наад, цаад руу нь ажиглавал цаашаа гараад явчих нүх сүв алга. Тэгээд бид "Хөөе, та хоёр буугаа хаяад гараад ир!" хэмээн хашхирсан ч бас л чив чимээгүй. Гэнэт калибрийн шолхийх дуу гурвантаа гарлаа шүү. Бид  "Хөөе,Александр аа! Чи наад нүхээрээ буугаа шидчихээд гарч ир!" гэтэл урьдын адил таг чиг. Өчнөөн удлаа. Тэгсэн Александр нь Адилбишийнхээ зүрхэнд тулган буудаж алаад, өөрийгөө буудсан ч үхсэнгүй, дахин сумлаад бууджээ.                                   

-Та бага насныхаа тухай дурсаач...                                   

-Би Улаанбаатар хотод төрсөн ч Ховд аймгийн Буянт сумын харьяат гэж овоглох тун дуртай. Яагаад вэ гэвэл миний аав Очирын эцэг Аюушийнхан Буянт сумын уугуул улс. Тиймээс эцгийн нэр хүнд, сүр хүч намайг тэнд төрүүлсэн болов уу гэж боддог юм. Эхээс ердөө хоёулхнаа. Чкалов ах маань их сайхан хүн байсан. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд дэлхийн хоёрдугаар дайны ялах жил буюу 1945 онд төрөхөд нь тэнд ажиллаж байсан орос мэргэжилтэн  эх барьж, ЗХУ-ын баатар, нисэгч Чкаловын нэрийг хайрласан гэдэг. Аав маань тэр үед Архангай аймгийн Ихтамир сум, нэгдлийн дарга байсан болохоор манайх тэнд амьдарна. Тэр үед Ихтамир сумыг Гэрэлт зам нэгдэл гэж нэрлэдэг байсан юм билээ. Миний бодол санаа,тархи толгой, зүрх сэтгэлээс огт гардаггүй аймшигтай нэгэн явдал 1960 онд болсон. Олон хүн инээж шуугилдаад,тун ч хөөр баяртай. Би ч гэсэн ээжтэйгээ бөөн баяр баясгалантай явсан санагддаг юм. "Одоо хоёулаа морь үзнэ ээ" гээд нэг ачааны машины кабинд намайг өргөж суулгаад, араас суух гэж байсан ээж маань гэнэт газар унаж байгаа харагдсан. Машины араа мултарч хөдлөөд,хойд дугуй нь ээжийн минь дээгүүр гарчихсан юм билээ.Тухайн үед ээж хөл хүнд жирэмсэн байж л дээ. Энэ аймшигт явдлаас хойш аав, ах, бид гурав хотод ирж амьдрах болсон.                                           

-Хар нялхдаа ийм том хагацалтай учирна гэдэг ч хэцүү шүү...                                        

-Ээжээс хойш бид их л хэцүү байсан нь мэдээж. Гэхдээ хүүхэд насанд маань тохиолдсон  тарчигхан хэцүү амьдрал дундаас нэг явдал миний сэтгэлд үүрд хадагдан үлджээ. Аав маань намайг нэг айлд үлдээгээд, олон хоногоор хөдөө явах боллоо. Тэр айлын эгчийн гурван хүүхдийн хоёр нь томоо болсон банди, нэг нь нялх. Томчуул нь намайг дээрэлхэх аяс үе үе цухалзана. Гэр нь одоогийн Энхтайван найрамдлын ордны урд байсан нь одоо ч санаанд илхэн. Өдөр тун чиг их өлсөнө дөө. Одоо бодоход айлын эгч их муу хүн байж. Тэр, нялх хүүхдээ дээр үеийн хоёр төгрөгний молокогоор угжина,их сонин. Надад тэрнээс нь жаахан ч гэсэн амсах хүсэл их төрнө. Нэг удаа хөргөгчинд нь байсан молоконоос ганц балгах санаатай аваад сортол тархин дундуураа татуулснаас болоод нэлээн юм боллоо. Нэг өдөр нөгөө эгч хүүхдээ угжихдаа их сайхан зантай байна аа. Зориглоод молоконоос нь үлдвэл жаахан өгөхийг гуйсан чинь нэг том харснаа хоосон шахуу лаазаа хар цайгаар зайлж уусныхаа дараа надад өгч билээ.Доголон нулимстай би өлссөндөө лаазыг нь авч,буруу хараад хананд нь наалдсан жаахан молоког хуруугаараа авч "идсэн" юм. Орцонд удаан сууж, ааваа хүлээнэ. Аав ирэхгүй их удлаа. Би өлссөндөө тэднийхээс явахаар шийдэж, жаахан дэмий тэнэсэн ч аав минь буцаж ирээд намайг олохгүй байх вий гэсэн аймшигт бодол тархинд байв. Нэг удаа Урт цагааны гудамжаар явж байтал гуанз бололтой газраас хоолны сайхан үнэр хамар цоргин ханхийлээ. Тэр үед энд их олон хятад гуанз байсан юм. Ямар ч мөнгөгүй намайг хөл маань өөрийн эрхгүй удирдаад тийшээ орууллаа. Тэнд олон хүн бужигнан, монгол, хятадаар чанга чанга ярилцан хооллоно. Нэгэн тавиур дээр жижигхэн амтат боов ирийлгэн тавьсан нь  миний нүдэнд тусч, идэх хүсэл аандаа төрөх нь тэр. Тавиурын араар даавуун хөшиг татсан байв. Хөшигний араар тойрч очвол жаахан хүүхэд болохоор намайг хэн ч анзаарсангүй. Хөшигний завсраар гараа оруултал нөгөө амттай боов тэмтрэгдэхээр нь нэгийг аваад эргэнгүүт хэн нэгэн "Хөөе хулгайч" гэж хашхирах нь дуулдав. Би ч хулгайлсан боовоо чанга атгаад хар хурдаараа гүйлээ. Араас хүн хөөж байгаа нь илт. "Хааяа наад хулгайчаа бариад абуба" гэж орилох нь хятад хүн бололтой. Гэнэт урдаас нэг ах хоёр гараа алдлан, хоёр тийш займчиж байгаад барьж аван, сугандаа хавчуулж, нөгөө хятадад боовтой минь хамт тушаав. Энэ бол миний амьдралдаа хийсэн эхний бөгөөд эцсийн "хулгайн хэрэг" байсан юм.                    

Миний ээжийг Бадрахын Замбага гэдэг. Үеийнхэн нь ээжийг маань амаа олохгүй магтдагсан. Одоо ч ээжийн минь тухай ярих хүн ертөнцийн жамаар цөөрч дээ. Ээжийг их сайхан дөлгөөн зөөлөн ааш зантай,царайлаг хүүхэн байсан гэдэг.

   Говь-Алтай аймгийн хүн л дээ. Улс төрийн хэргээр шийтгүүлээд цагаатгагдаж явсан, тэр үеийн лидер улс төрч, тэмцэгч Лоохууз гуай манай ээжийн хамаатан садан байлаа.    

Аав минь Завхан аймгийн харьяат Цагаан гэдэг хүнтэй гэр бүл болж, би эхийн хайр гэдэг эрхэм зүйлтэй эргэн учирсан юм. Одоо Очирын гэж овоглосон хэдэн дүү минь бүгд Америкт байгаа.      

 -Хэдэн онд дунд сургуулиа төгсөв?                         

 -Аравдугаар ангиа 1973 оны хавар төгссөн юм. Би сургуулийнхаа сагсан бөмбөгийн секцэнд явна. Бас сургуулийнхаа концертэнд их явна, ангийнхаа ханын сонинг байнга хариуцаж гаргана. Нэг удаа Яармагийн 41-р сургуулийнхантай хамтарсан ажил зохиож, концерт тоглон, биеийн тамирын тэмцээн хийлээ.Тэнд дуу хөгжмийн багш, халзандуу нэг хүнтэй ойр дотно танилцаж, түүнээс хойш бид хоёр байнга шахам л уулзаж, Монголын радио, телевиз, урлагийн байгууллагуудаар хамт явах болов. Тэр хүн бол Монголын хүүхдийн дууны нэрт төлөөлөгч, хөгжмийн зохиолч Цогоо байсан юм.Түүний зохиосон "Намрын шөнө голын эрэг дээр", "Хүсэх алсын гялбаа", "Туждаа хамт явах юм сан" зэрэг олон дууг бид мэднэ дээ. Тэр хавраа МУИС-ийн эдийн засгийн ангид элсэлтийн шалгалт өгч тэнцээд оюутан болсон.                    

-Энэ үедээ л хоёр охиныхоо ээж Пүрвээтэй танилцаж,амьдралаа холбосон биз?                              

-Оюутны эхний жилийн намар Жаргалантын САА-н тариан дээр оюутнуудтай ажиллаж,ёстой нэг залуу насны ид хавыг гайхуулан байлаа. Яг л "Мартагдашгүй намар" кино шиг. Будаан дээр ажилласны хөлс чамлахааргүй мөнгөөрөө хувцас, хичээлийн хэрэгсэл авч, оюутны ширээндээ суулаа. Их сургуулийн хоёрдугаар байрны хурал, концертийн танхимд урлагийн авьяас билгээрээ шалгарагсад цуглаж, концерт бэлтгэн тоглоно. Их, дээд сургуулиуд дунд уралдаан тэмцээн, урлагийн үзлэг зохионо. Тэд нарын дунд Дарханаас ирсэн гэх цацаг болсон гутал,хувцастай нэг ганган охин бусдаас үнэхээр илүү дуулж, олон дахиулан, бусдын анхаарлыг гойд татаж байв. Дуулсан дуу болгоныг нь сурсан оюутнууд хичээлийн завсарлагаанаар анги танхимдаа дуулцгаана. Тэр охин бол миний хоёр охины ээж Пүрвээ байсан юм. Дараа жилээс нь бид хоёр оюутны урлагийн бригадын бүрэлдэхүүнд орж, оюутнууд ажиллаж байгаа САА-нуудаар явж, тоглолт хийдэг боллоо. Ногооны талбай, тариан үтрэм дээр трактор, комбайны гэрэл тусгаж, ачааны машины тэвшин дээр тайз засаад, концерт тоглоно. Нэг удаа Жаргалантын жимс,жимсгэний аж ахуй дээр очив. Орой нь концерт тоглох ёстой. Дөрвүүлээ нийлж, жимсний хашаан доогуур шурган ортол шингэх нарны гэрэлд давжаа алим улайрч харагдахаар нь захаас нь аваад идэж гарлаа. Сүүлдээ цадаад халаасандаа түнтийтэл чихэж Пүрвээдээ аваачиж өгсөн юм. Оройдоо концерт эхлэв. Бас нэг л биш ээ. Өрцөн дээр татаад эхэллээ. Гэтэл ""Авгын цагаан уул", эдийн засгийн ангийн оюутан Болдбаатар дуулна" гэж зарлаж байгаа нь бүдэг бадаг сонсогдоод би ухаан алджээ. Иймэрхүү хөгтэй явдал бишгүй л тохиолдож байлаа.               

 -Та яаж яваад "Мөнгөн хүрхрээ" хамтлагт орчихсон юм бэ?

 -Төрийн албаны их ажлыг хийж гүйцэтгэхийн зэрэгцээ Пүрвээтэйгээ уран бүтээл хийсээр байлаа.НААҮЯ-ны туршлага шинжилгээний институтэд ажиллаж байхдаа "Мөнгөн хүрхрээ"-тэй дуулдаг байсан юм.Хамтлаг маань НААҮЯ-ны дэргэдэх л дээ.Гоцлол дуучин нь "Аяны шувууд"-ын Төмөр,Пүрвээ,бид гурав.Ахлагч нь хөгжмийн зохиолч Зундарь.Бас Барилгачдын соёлын ордны дэргэдэх "Өргөө" хамтлагтай дуулж,би концерт хөтлөөд,Эрдэнэт,Дархан,Хөтөл,Бор-Өндөр,Налайх гээд хот суурин газруудаар аялан тоглоно.1986 оны зун "Өргөө" хамтлаг Эрхүү,Новосибирск,Ленинград хотод Энх тайван найрамдлын байгууллагуудын холбооны гүйцэтгэх хорооны шугамаар тоглоход Пүрвээ маань явж,би ажлын бололцоогүйгээс үлдэж билээ.

-"Баян Монгол" чуулгад бас дуулж байсан...

-Тэр үеийн Улсын филармоний дарга байсан Ардын жүжигчин Ухнаа гуай оюутан цагаас маань Пүрвээ,бид хоёрыг өөр дээрээ авч,"Баян Монгол" чуулгатай дуулуулж байлаа.Түүнчлэн Ухнаа гуай маань бидэнд урлагийн тухай,дууны тухай их ойлголт,хүмүүжил өгсөн дөө."Урлагт хайртай хүн муу юм хийдэггүй" гэж хэлдэг байсан тэрээр эстрадын ахмад,дунд үе болох Гэрэлт-Од,Төмөр,Нандинцэцэг,Янжиндулам,Оюунчимэг,Галхүү,Баянмөнх,Рэнцэнханд,Зоригоо,Цэцэгээ,Бямбадорж нарыг цуглуулаад,концерт зохион байгуулж тоглосон нь үзэгчдийн талархлыг ихэд хүлээсэн юм.Бид үзэгчдийн хүсэлтээр Улаанбаатарт болон хөдөө орон нутагт 512 удаа тоглосон.Тэдний маань олонх тэнгэрт хальсан ч дуулсан дуу нь ард түмний минь сэтгэл зүрхэнд үргэлж эзэнтэйгээ хамт байдаг.Ийм гайхамшигтай сайхан дуучидтай хамтдаа олон жил олон газраар явж,ах дүүс шиг бололцож байсандаа их бахархдаг. -Та хоёрыг олны танил болоход хувь нэмрээ оруулсан дуунуудын нэг бол эрдэмтэн зохиолч,яруу найрагч Отгонсүрэн багшийн маань шүлгээр бүтсэн "Янзага".Энэ дууг яагаад дуулах болов? -Гол дүрд нь тоглосон "Хуучин сүмийн нууц" киноны маань "Шөнийн эргүүл" дууны дараахан би хоолойны махаа авахуулаад удаагүй байсан юм.Ажил дээрээ байж байтал Пүрвээ маань утас цохиод "Болдоо!Сая Алтаа(УГЗ,хөгжмийн зохиолч Гаадангийн Алтанхуягийг хэлж байна) ярилаа.Драмын театр дээр чи бид хоёрыг хүрээд ир гэж байна."Буцах хаяг" гэнэ үү нэг жүжгийн дуу дуулах юм байх аа" гэх нь тэр.Хоёулаа Драмын театр дээр яваад очтол "Говийн зэрэглээ" киноны Арслангийн дүрээр олны танил болсон найруулагч Доржсамбуу,хөгжмийн зохиолч Алтанхуяг хоёр цуг байж байна."Арслан" маань "За,нэг ийм дуу байна.Жүжиг бэлэн учраас дуу маш хурдан хэрэгтэй.Бүр яг одоо хэрэгтэй" гэж байна.Бид хоёр жаахан эмээж "Бид хоёр мэргэжлийн дуучид биш уран сайханчид шүү дээ" гэвэл "Хөгжмийн зохиолч мэдэж байгаа болоод л дуудсан юм байгаа биз.Олон юм ярилгүй одоо бушуухан сураад бичүүл" гэдэг байгаа.Ингээд бид хоёр хөгжмийн зохиолчтойгоо төгөлдөр хуур дээр нүдэж байгаад "Одоо боллоо" гэх маягийн юм "Арслан"-д хэлсэн чинь "За бичье" гэснээр "Янзага" дуу маань Драмын театрын тайзан дээр анх мэндэлсэн дээ.

-"Хуучин сүмийн нууц" кинонд тоглосныг тань уншигчид маань сайн мэднэ...

-1982 оны өвөл юм аа.Нэг өдөр УЦСЕГ-ын дарга,хошууч генерал Думбурай гуай намайг дуудаж байна гэнэ."Ямар хэрэг мандуулсан юм бол доо,би" гэж бодон эмээсээр өрөөнд нь орвол "За,миний хүү наашаа суу.Ярих юм байна" гээд ширээнийхээ нөгөө талд миний өөдөөс харж суугаад "Улсыг аюулаас хамгаалах байгууллага,Цагдан сэргийлэх байгууллагыг олон түмэнд сурталчлах зорилгоор "Хуучин сүмийн нууц" гэдэг бүрэн хэмжээний уран сайхны кино хийх гэж байгаа юм.Зөвлөхөөр нь би ажиллана.Гол дүрд нь чи тоглох болсон.Чамайг ажлаа хийж байгаа гэж тооцон цалинг чинь бүтэн олгоно.Харин сайн л тоглох хэрэгтэй.Одоо өөрийнхөө гар дээр байгаа хэргүүдээ хүлээлгэж өгөөд киноны ерөнхий найруулагч Сэлэнгэсүрэнтэй очиж уулз" гэдэг байна шүү.Би ч баяр хөөртэйгээр өрөөнөөс нь гарлаа.Урьд нь би кино найруулагч Сэлэнгэсүрэнгийн "Тойрох хуудас" киноны сурвалжлагч Осорхүүгийн дүрд тоглож байсан юм.Найруулагч маань л шинээр хийж байгаа энэ киноныхоо гол дүрд намайг тоглуулахаар манай удирдлагуудтай тохирсон байж л дээ.

-Олны танил ямар жүжигчидтэй тоглов?

-Ардын жүжигчин Хандсүрэн,Жамсранжав,Дамчаа,гавьяат жүжигчин Дагийранз,Ягаан Гажид буюу Цэнд-Аюуш,жүжигчин Сэдэд("Өглөө" киноны морины наймаачин) зэрэг олны танил,нэрт жүжигчидтэй тоглосондоо баярлаж явдаг.Анхны зураг авалт Архангай аймгийн Өлзийт сумын төв дэх жавар хургасан хүйтэн нэгэн хуучин сүм дотор болж билээ.Би ч байгууллагынхаа нэр хүндийг бодоод,чадлынхаа хэрээр тоглохыг хичээж байв.Бид Улаанбаатарт ирж,авсан зургаа кино үйлдвэрийн лабораторид угаалгана.Хөдөө авах зураг дуусч,кино групп хотод орж ирлээ.Өлзийт сумын сүмтэй яг адилхан сүмийг кино үйлдвэрийн павильонд барьжээ.Тэр сүмийн тал талаас олон гэрэл тусаад халуун гэж жигтэйхэн.Зураг авалтын үед нэхий дээлтэй халууцаад байхад л найруулагч маань "Хөдөөний зургаас зөрөх гээд байна.Даараад өг,даараад өг" гэж хашхирна.Ер нь кинонд тоглоно гэдэг яавч амар,хялбар ажил биш ээ.

 -Охинтойгоо цуг тоглосон билүү?

 -Том охин Ариунаа маань надтай хамт тоглосон шүү дээ.Охин минь Хөгжим бүжгийн дунд сургуулийн төгөлдөр хуурын ангийг,дараа нь "Ирээдүй" дээд сургуулийн япон хэлний ангийг төгссөн юм(Харамсалтай нь дуучны маань том охин тэнгэрийн орныг зориод удаагүй байна). -Дууг нь та дуулсан байх аа? -Киноны дууны аяыг хөгжмийн зохиолч Алтанхуяг зохиосон юм.Би ерөнхий найруулагч Сэлэнгэсүрэнд "Кино маань сэргийлэхийн тухай.Гол дүрийг нь бүтээж байгаа би ч сэргийлэхийн хүн.Ер нь киноныхоо дууг би дуулчихвал яасан юм бэ,үзээд алдъя" гэтэл "Хоёр хоногийн дараа дууны бичлэг хийгдэнэ.Юу ч гэсэн дуугаа сурчих.Багшийн дээдийн дуулаачийн ангийн хоёр оюутан дуулах юм.Чи ч гэсэн дуулаад үз" гэлээ.Дууны бичлэг хийх өдөр болоход кино үйлдвэрийн дуу бичлэгийн том танхимд "Соёл-Эрдэнэ" чуулга,симфони найрал хөгжим суусан байлаа.Хоёр оюутан ч үнэхээр хүчтэй хоолойгоор дуулж бичүүлэв.Дараа нь би "Хуучин сүмийн нууц" киноны "Шөнийн эргүүл" дууг дуулмар аядсан юм.Тухайн үед аливаа уран бүтээлийг хянадаг газар олон байсан.

Киног эхлээд кино үйлдвэрийн уран сайхны зөвлөл үзнэ,хянана,хасна,засна.Дараа нь Соёлын яамны уран сайхны зөвлөл үзнэ.Эцэст нь Намын төв хорооны үзэл суртлын хэлтсийн томчуул үзнэ,хянана,хасна,засна."Хуучин сүмийн нууц" кино үзүүлсээр,хянуулсаар,хасуулсаар,засуулсаар ямар ч болов Монголын цагдаагийн байгууллагын анхны бөгөөд детектив кинонуудын нэг болж үлдсэн юм.Дуулсан дуу маань ч хасагдсангүй."Шөнийн эргүүл"-ийн үгийг Ардын уран зохиолч,яруу найрагч Сүрэнжав гуай бичсэн юм шүү дээ.Ингээд кино маань бэлэн болж,"Ард" кино театрт нээлт хийхэд Улсыг Аюулаас Хамгаалах Байгууллага,Цагдан Сэргийлэх Байгууллагын удирдлагууд,урлаг соёлынхон бас үзэгчид гээд хүн дүүрэн байлаа.Үүнээс хойш "Хуучин сүмийн нууц" хот хөдөөгийн кино театруудад гарахад хоосон суудалгүй,"Шөнийн эргүүл" минь ч одоогийнхоор хит болсон доо. -Та өөр ямар ямар кинонд тоглолоо? -Ардын уран зохиолч Эрдэнийн зохиол "Өвлийн ойд" гэдэг богино хэмжээний уран сайхны киноны Очирхүүгийн дүрд хоёрдугаар курсийн оюутан байхдаа тоглосон.

Энэ кинонд "Цогт тайж"-ийн Улаан малгайт буюу Лувсанжамц гуайн хүү болж тоглосноороо бахархдаг.Дараа нь 1977 онд шиг санагдаж байна,Сэлэнгэсүрэн найруулагчийн "Тойрох хуудас" киноны сурвалжлагч Осорхүүгийн дүрд тоглосон юм.Сүүлд 2009 онд "Цагдаагийн тангараг" кинонд генералын дүр бүтээсэн.Мөн Жаргалсайханы зохиолоор "Хубилай хааны зарлиг" уран сайхны кинонд тоглосон.

 -Кинонд тоглоход хөгжилтэй явдал их тохиолддог байв уу?

 -"Тойрох хуудас" кинонд УГЖ Батцэцэг хүнсний технологичийн дүрд тоглосон юм.Энэ киноны зарим хэсгийн зургийг Дарханд авсан.Би тэнд зочид буудлын цайны газарт нэг стакан цөцгий идчихлээ.Тэр оройноос тэнгэр газар дайвалзаад л.Хордлого авсан бололтой,унах нь ээ.Хамгийн гол нь маргааш өглөө Батцэцэгийг сундлаад Тужийн нарсан дундуур мотоциклоор их хурдтай давхих зураг авахуулах ёстой байлаа.Эвхрэлдэж мушгисаар өглөө болгов.Бие тиймэрхүү нь мэдээж.Бид маш бага оврын хөөрхөн жижиг нисдэг тэргэнд мотоциклоо ачаад Тужийн нарсанд очлоо.Найруулагчид "Бие муу,толгой эргээд байна" гэж хэлж зүрхэлсэнгүй.Тэгээд Батцэцэгийгээ суулгаж аваад жийж гарлаа.Дээхэн талд нисдэг тэрэгний дуу гараад л,өмнөх зам бараг салаалах нь холгүй харагдаад.Батцэцэг араас тас тэвэрчихсэн,"Аяархан яваач ээ" гэж орилоод л(инээв)...   


-Уучлаарай,таны амьдралд эмгэнэлт явдал тохиолдож байсан...            

  -Хорвоо хатуу юм аа.Пүрвээ маань хүндээр өвдөж,арван жил группэд байсан.Тэр маань өвчтэй байсан ч гэлээ бид охидтойгоо нийлээд гэр бүлийн "Бид" хамтлаг байгуулж, олон тоглолт хийсэн дээ. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны ажил ч их хийсэн. Төрд ажиллаж байсан бид хоёрт хурааж хуримтлуулсан юм үгүй. Өвчин зовлон шиг хэцүү зүйл үгүй юм билээ. "Маш яаралтай ийм тийм тариа хэрэгтэй байна, хурдан олоод ир" гэж сэхээний эмч хэлэхэд халаасандаа нэг ч төгрөггүй би гараад хаачхаа мэдэхгүй тэнгэр өөд хоёр гараа сунган аврал эрээд уйлж байсан хэцүү үе ч бий. "Хатуу ч гэлээ хад чулуу Амьдралыг яаж гүйцэх вэ дээ" гэж УГЖ Баясгалангийн дуулдаг дуу санаанаас огт гардаггүй юм. Өөрийгөө зөвтгөн, санаагаа амраах ганцхан зүйл надад байдаг. Би түүнтэйгээ суухдаа "Баян ч ядуу ч, эрүүл ч өвчтэй ч байсан чамайгаа насан туршид чинь хайрлана" гэж хэлж байсан юм. Энэ үгийнхээ жинхэнэ эзэн нь болсондоо одоо ч сэтгэл тэнэгэр явдаг. Хайртай хоёр охин минь мөн л ээжийнхээ араас Бурханы орон руу явж билээ.                                        

-Хоёр дахь амьдралаа зохиосныг чинь бид мэднэ."Экстра"-гийн эзэн Сувд гуайтай хэзээ яаж танилцав?                                       

-Тэгэхэд ханийн маань бие тааруу байсан юм. Нэг удаа хаачхаа ч мэдэхгүй, "Хаанаас тэр тарианы мөнгийг олох вэ" гээд явж байтал "Орос худалдааны төв" гэсэн хаяг таарлаа. Хөл маань ч өөрийн мэдэлгүй тийш хөтөлж, захиралтай нь уулзаж байснаа л санадаг юм. Захирал бүсгүй ч тэр чухал тарианы мөнгийг өгснөөр ханийн минь амь аврагдаж байв. Тэр явдлаас хойш бидний гэр бүл дотно танилцаж, хамт олных нь шинэ жилийн үдэшлэгт очиж дуулдаг болсон юм. Бага охин Халиунааг минь бүхий л талаар дэмжиж, орос хувцас өмсүүлэн, зураг хөргийг нь гудамж талбай болон сэтгүүл сонинд гарган олонд таниулан,уран бүтээлийг нь дэмжиж тусалдаг байлаа. Сувдын урлаг ойлгодог, шулуун шударга үг хэл, зан чанар манай гэр бүлийнхэнд их таалагдсан даа. Намайг үхлийн ангал руу унаж явахад татаж босгоод, цэцгийн сайхан хүрээлэнг бий болгосон хүн бол Сувд маань юм шүү дээ. Киевт ОУХДС-ийг улаан дипломтой төгссөн анхны монгол эмэгтэй ч энэ тухайгаа ярих дургүй. Хуульч, эрх зүйч мэргэжилтэй.

Ерөнхий сайд Жасрай агсантай олон жил хамтран ажиллаж, олон хуулийн төсөл дээр хувь нэмрээ оруулсан дэндүү ажилсаг, ямар ч бэрхшээлийг даван туулах чадвартай, шулуун шударга, хичээнгүй, хэн хүний итгэл дааж чаддаг Сувд маань Орос, Беларусийн маш олон компаний итгэлийг даасан хүн. Эмэгтэй хүний хамгийн том соёл, гоёл энэ буюу. Одоо ''Экстра" худалдааны төвөөс гадна ургамал, цэцэг, бүжгийн төв ажиллуулж байгаа. Ер нь олон түмний төлөө их зүйл хийж байгаа. Одоо худалдааны "Экстра" төв маань архи тамхи, согтууруулах ундаа зардаггүй ганц газар юм шүү дээ. Ард иргэддээ өөрийнхөө гараар төмс хүнсний ногоо, цэцэг жимс, бут сөөг тарих, өрхийн орлогоо яаж дээшлүүлэх талаар маш их зүйл хийж байгаа гайхалтай ажилсаг хүн. Та бүхэн "Экстра" ургамал төв гэсэн фэйсбүүк хаягаар ороодхоорой. Ямар сайхан хичээлүүд байгаа гэж бодно оо. Одоо энэ пейж хуудсыг маш олон хүн дагаж байгаа.                    

 Ярилцсан Ш.Эрдэнэтөр