Мөсөн замын эргүүл хийж байсан алба хаагч "Хөвсгөл" нуурт автомашинтайгаа цөмөрч, амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдөр мөсөн замын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа "Хөвсгөл" нуурын мөсөнд автомашинтайгаа цөмөрч, нас барсан хэрэг гарчээ.


Тодруулбал, Хөвсгөл аймгийн нутагт орших “Доод модот булангийн-Үзүүр” гэдэг газар тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн механик жолооч, 26 настай, эрэгтэй З нь энэ сарын 3-ны өдөр мөсөн замын эргүүлээр үүрэг гүйцэтгэж байх үедээ 23:00 цагийн орчимд хариуцсан хяналтын цэгээс “Приус-20” загварын суудлын автомашинтай гараад сураггүй алга болсон дуудлага дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 17:55 цагт Онцгой байдлын газарт очжээ. 


Дуудлагын дагуу, аймгийн Онцгой байдал, цагдаагийн алба хаагчид гээд нийт 33 хүн дөрөвдүгээр сарын 5-ны өдөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Энэ үеэр “Доод модот булангийн-Үзүүр” гэдэг газар “Хөвсгөл” нуурын мөсөнд цөмөрч живсэн байж болзошгүй мөр илэрчээ.


Иймд тухайн газарт дөрвөн удаагийн гүний шумбалтыг хийхэд 25 метрийн гүнд унаж явсан автомашин, түүнээс 10 метрийн зайд цогцос байсныг олж тогтоож, 14:50 цагт цогцсыг, 18:13 цагт автомашиныг тус тус татан гаргаж, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Дашнямаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Цаг уурын байгууллагын мэдээллээр дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 5-50 см нимгэрч мөс харлах, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх, харз гүйх зэрэг үзэгдэл ажиглагдаж байна.


Цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний мөс хайлж, мөсний нягт багасан хэврэгших учир иргэд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Ах - 203.91.115.532020-04-07 05:31:52

ХАРАМСАЛТАЙ ЮМАА. ХУВИЙН МАШИНААР ТЭГЭЭД МӨСӨН ДЭЭГҮҮР ЭРГҮҮЛ ХИЙНЭ ГЭЖ СОНИН БНА ШАЛГАХ ЁСТОЙ ОНЦГОЙН ДАРГА НАР ХУДЛАА ШҮҮ ИЙМЭРХҮҮ ЮМЫГ ҮХТЭЛЭЭ НУУЦАЛДАГ