Л.Мөнхтүшиг:Сөүл-Улаанбаатар чиглэлд үйлдэх тусгай нислэгийн бүртгэл хаагдсан

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ГХЯ-ны Консулын газраас гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан монгол иргэдийн талаарх мэдээллийг өглөө.

ГХЯ-ны Консулын хэлтсийн дарга Л.Мөнхтүшиг "Өнөөдрийн байдлаар гадаадын улс орнуудаас 6,000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан. Тухайлбал,

  • Эрүүл мэндийн шалтгаантай 84
  • Ахмад настан 271
  • Жирэмсэн 32
  • Орон байргүй болж байгаа гэх шалтгаантай 378
  • Оюутан  811
  • Санхүүгийн нөхцөл хүндэрсэн шалтгаанаар 4,000 орчим иргэн Монгол Улсдаа ирэхээр хүсэлтээ гаргаад байна" гэв. 

Түүнчлэн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр үйлдсэн Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор гадаадын иргэд зорчсон гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад байв. Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг дараах тайлбарыг хийлээ.

"Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр Японы 2, Испанийн 1, Америкийн 1 иргэн Монголд ирсэн"

УОК-оос Монголд ирэх боломжтой гадаад иргэдийг тодорхойлсон юм. Тодруулбал,

  1. Монголд ажиллаж буй дипломат ажилтны гэр бүл
  2. Монгол иргэнтэй гэр бүл болсон хүнийг Монгол Улсад ирэхийг зөвшөөрсөн. 

Энэ шийдвэртэй нийцүүлж Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Японы 2, Испанийн 1, Америкийн 1 иргэн ирсэн талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллээ. 

Японы хоёр иргэний нэг нь монгол иргэнтэй гэр бүл болсон хүн. Харин нөгөө нь нялх хүүхэд бөгөөд ээжээс нь салгаж болохгүй тул хамтад нь Монголд ирүүлсэн байна. 

Түүнчлэн Испани, Итали иргэншилтэй хүмүүс нь бага насны болон нялх хүүхэд байгаа аж. 

"Сөүл-Улаанбаатар чиглэлд үйлдэх тусгай нислэгийн бүртгэл хаагдсан"

Улсын онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэх шийдвэрийг дөрөвдүгээр сарын 3-нд гаргасан.

Уг нислэгээр 

  • Эмчийн хяналтад байгаа иргэн
  • Жирэмсэн эх
  • Өндөр настан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэргийг эх оронд нь авч ирэх юм.

Эдгээр шаардлагыг хангасан хүмүүсийг дөрөвдүгээр сарын 4-ний 11:00-17:00 цагт бүртгэл явуулахаар төлөвлөсөн ч 14:00 цагийн орчим 260 гаруй иргэн бүртгүүлсэн тул бүртгэлээ хаажээ.

Сэтгэгдэл бичих