УОК:Өнөөдөр 455 хүн тусгаарлах байрнаас гарна

Улсын хэмжээнд өнгөрсөн тав хоногт 955 хүн тусгаарлах байрнаас гарсан бөгөөд гэрийн хяналтад шилжсэн байна. Харин өнөөдөр 455 хүн тусгаарлах байрнаас гарна гэдгийг УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр тус штабын өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр онцлов.


Мөн тэрбээр тусгаарлах байрнаас гарсан хүмүүсийн хаягнаас эхлээд бүх мэдээллийг оршин сууж байгаа аймаг, сум, дүүргийнх нь удирдлагуудад хүргүүлсэн бөгөөд төрийн байгууллагууд гэрийн хяналтад байхад нь хянана хандуулна гэдгийг дурдсан юм.


Одоогийн байдлаар улсын хэмжээнд 2099 хүн тусгаарлалтад байгаагаас 5 хүртэлх насны 69, 6-17 насны 153 хүүхэд байгаа аж. Токио-Улаанбаатарын тусгай нислэгээр энэ сарын 3-нд ирсэн иргэдийн 68-ыг ХӨСҮТ-д тусгаарласнаас 22 нь 17 хүртэлх насны хүүхэд байна. Харин Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан 15 иргэний нэг нь хүүхэд, “Токио” зочид буудалд тусгаарласан 188 хүний 22 нь хүүхэд байна. Мөн “Жаргалант” сувилалд хоёр хүн тусгаарлажээ.

Сэтгэгдэл бичих