Ү.Батмагнай: Манай “Z” үеийн залуус хэтэрхий унтаа байдалтай байна


Энэ удаагийн МОНГОЛ “Z” буландаа “Invest trade” академийн үүсгэн байгуулагч, монголын хамгийн залуу хөрөнгө оруулагч Үйтүмэнгийн Батмагнайг урилаа. МУИС-ийн Санхүүгийн танхимын гуравдугаар курст сурдаг бөгөөд, Старт ап клубийг санаачлан олон нийтэд санхүүгийн боловсрол болон хувьцааны тухай мэдлэг олгодог нийгмийн идэвхтэй залуусын нэг. Тэрээр насанд хүрээд удаагүй байгаа хэдий ч биедээ баймгүй олон зүйлийг хийж бүтээжээ. 17 настайгаасаа эхлэн хувьцаа худалдан авч, арилжиж сурсан түүнд эдийн засгийн мэргэжил илүү ойр санагдаж, санхүүгийн тэнхимд элсжээ.

Түүний өдөр бүр бодож явдаг зүйл бол хүмүүсийн сэтгэхүйг өөрчлөх. “Z” үеийн залуус чадварлаг бас ухаалаг гэдгийг өмнөх үеийнхэнд батлан харуулах юм. 18-хан насандаа хувийн компаниа байгуулж, бизнесийн компаниудад хөрөнгө оруулж, сургалтын төлбөрөө өөрийн хөдөлмөрөөр олж, хөрөнгийн зах зээлийг ажиглан тоглолт хийдэг Ү.Батмагнай нь яалт ч үгүй “Z” үеийн нэгэн төлөөлөл мөн.

- Сүүлийн үед хөрөнгийн зах зээлд идэвхтэй арилжаа хийж байна уу?

Хөрөнгийн зах зээл үргэлж өсөлттэй, ашигтай байдаггүй. Гэхдээ үргэлж уналттай байна гэсэн үг биш. Миний хувьд сүүлийн үед идэвхтэй арилжаа хийсэнгүй. Ирээдүйд өснө гэж харсан хувьцааг авч үлдээд, бусдыг нь зарчихсан. Хэсэг хугацаанд азнаад, арай өөр ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Өөрийн ажиллаж байгаа гарааны компаниуддаа хөрөнгө оруулалт хийж, цаг гаргах тал дээр илүү анхаарч ажиллаж байна. Хөрөнгийн зах зээлд орохдоо арилжаа хийх үү, эсвэл хөрөнгө оруулалт хийх үү гэлгээ тодорхойлох хэрэгтэй. Арилжаа гэдэг нь богино хугацаанд ашиг олоод гарахыг хэлдэг бол хөрөнгө оруулалт нь ирээдүйд өснө гэсэн итгэлтэйгээр, гурваас доошгүй жилийн хугацаатай хувьцаа авахыг хэлж байгаа юм. Хүмүүс богино хугацаанд их мөнгө олох сонирхолтой байдаг. Ингэж бодсон хүн заавал алддаг. Ямар ч чадварлаг санхүүгийн шинжээч болгино хугацаанд ашиг олохыг таамаглаж чадахгүй. Сайтар судалж, зах зээлээ мэдэрсэн хүн хөрөнгийн зах зээлд ашигтай тоглолт хийж чадна.

- Чиний тооцож буйгаар дараагийн хувьцаагаа хэзээ авахаа төлөвлөсөн үү?  

- Би Монголын хөрөнгийн зах зээл рүү орж, арилжаа хийж үзсэн. Одоо дэлхийн зах зээлийг судлаж байна. Монголд үйл ажиллагаа явуулдаг гэх бүртгэлтэй хэдэн зуун компани гадны биржүүдээр арилжаалагддаг. Үүнээс бид ашиг олж болно. Жишээ нь, би хувьдаа Оюу толгой, Mongolian mining corporation, Facebook, Google гэх мэт компаниудын хувьцааг авч, өөрийгөө сорьж үзнэ. Гэхдээ яг одоо биш 2020 оны сүүл үеэс эхэлнэ. Наана нь ихээхэн хэмжээний хөрөнгө босгох шаардлагатай.

Саяхан би эмийн төсөл бичиж дуусгасан. Хоолойн ангин, хүнд хөнгөн үрэвсэл гэх мэт өвчнийг антибиотик хэрэглэхгүйгээр Монголд ургадаг ургамлаас тусгай бактери гарган авч, вирусийг дарангуйлдаг эм гарган авч байгаа. 2021 оноос үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байна.

- Гарааны бизнес эхлүүлж, төсөл болон клубийн ажлаа амжуулдаг. Энэ бүхний хажуугаар хичээлдээ явна гэхээр нэлээн завгүй оюутан байх нь ээ?

-Ажлын хажуугаар хичээлээ зохицуулах жаахан хүнд байдаг л даа. Хүн л юм чинь ядарна. Заримдаа нам унтчихна. Хааяа бүр өөрөө сэрүүлгээ унтраагаад унтчихна. Гэхдээ болж өгвөл бүх хичээлдээ суугаад, идэвхтэй сурахыг хичээж явна. Үзэж байгаа хичээл хийж буй ажилтай минь холбоотой учраас зэрэг хийгээд явахад ямар нэгэн бэрхшээл гардаггүй л дээ. Ирээдүйд багш болоод, докторын зэрэг хамгаалаад сургуульдаа үлдэх сонирхол надад байхгүй. Өөрийгөө дайчлаад, шинэ зүйл хийж, сурсан мэдсэнээ бодит амьдрал дээр хэрэгжүүлж үзэхийг илүүд үздэг.

- Хийж буй ажил тань олон нийтэд танигдаж, сошиал сүлжээгээр багагүй хүнд хүрсэн. Үүнийг дагаад ямар нэгэн боломж, шинэ гарц нээгдсэн үү?

-Хөрөнгийн зах зээл, санхүүгийн боловсрол гэх мэт чиглэлийн зүйлийг манай үеийн залуус тийм ч их сонирхдоггүй. Үүний оронд урлаг, спортын тал дээр амжилт гаргахбг илүүд үздэг. Хувьцаа худалдан авах, зарах талаар яриад, хүмүүст зөвлөөд багагүй хугацаа өнгөрлөө. Өмнө нь хэн ч намайг мэдэхгүй. Нэгдүгээр дамжааны оюутныг хүн бүр л жаахан хүүхэд гэж хардаг үе. Харин одоо хийсэн зүйлээ бусдад түгээж, танилын хүрээ тэлсэн болохоор хүмүүсийн надтай харилцах хандлага нь хүртэл өөр болсон нь анзаарагддаг. Би арван хоёрдугаар ангид байхдаа Солонгост очиж ажил хийн, сургалтын төлбөрөө олж байсан. Тэр үеэ одоо бодохоор надад маш хүнд байдаг. Өдөр нь барилга дээр ажиллана. Аяга угаана, айл нүүлгэнэ. Өдөр бүр ачаа буулгана, метро угаана. Тэр үед би бодохдоо ямар нэгэн аргаар нийгэмд өөрийн гэсэн байр сууриа эзлэх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Одооноос эхэлж хичээх хэрэгтэй гэдгээ Монгол руу ирэхдээ маш сайн ойлгоод онгоцноос бууж байсан юм. Тэр үеэ одоотой харьцуулбал тодорхой хэмжээний хүмүүс намайг таньдаг болсон. Хийх гэж буй зүйлийнхээ эхлэлийг тавьчихсан. Миний үзэл бодол хүмүүст хүчтэй нөлөөлөх суурь бий болсонд би баяртай байгаа. Хэсэг бүлэг хүмүүс намайг “Өөрийгөө дөвийлгөөд, биеэ тоож, худлаа попорлоо” гэж ярьдаг. Гэхдээ надад хэлдэггүй л дээ. Далдуур ярьж байгаа нь надад их тод сонсогддог. Намд элссэн юм уу, нэр дэвших гэж байгаа юм уу гэх зэргээр ёжлох хүн ч цөөнгүй. Гэхдээ энэ хүмүүсийн үг намайг хэцүү байдалд оруулдаггүй. Ямартай ч миний үг олон хүнд хүрч, хийж байгаа ажил илүү далайцтай болж байгаа нь үнэн. Сайн зүйл бодож, зөв үйл хийж явахад хүмүүсийн юу гэх надад ямар ч хамаагүй гэж боддог.

- Саяхан болсон эдийн засгийн форумд залуусаа төлөөлж оролцоход ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Надтай хамт тайзан дээр суусан хүмүүс намайг танихгүй байх л даа. Харин би тэнд байсан хүмүүсийг мэдэхийн дээр ямар үзэл бодолтой, хаана ямар ажил хийдэг, юуны талаар голчлон ярьдаг зэргийг сайн мэднэ. Тэд судалгаан дээр үндэслэсэн, туршлагатай боловсон хүчний зүгээс илтгэлээ тавьсан. Харин миний хувьд тус форум дээр өргөн цар хүрээтэй, сэтгэлийн хөөрөл шингэсэн зүйл ярьсан байж магадгүй. Хамгийн чухал нь энэ форум он оны төлөөлөл, тэр дундаа залуу хүний үгийг сонссон гэдгээрээ илүү онцлогтой санагдсан. Нийгэмд нөлөө бүхий хүмүүс залуучуудын үгийг сонсож эхэлсэн нь, илүү их хичээх ёстой гэдгийг сануулж, урам өгсөн гэхүү дээ. Нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг шууд төр, улс төрийн эрх баригчид руу чихэхгүйгээр бид юу хийж болох вэ гэсэн өнцгөөс хэлэлцсэн нь сонирхолтой бас өгөөжтэй байсан шүү.

- Generation “Z” үеийнхэн гэж чиний бодлоор хэн бэ?

Масс дунд “Z” үеийнхэн гэдэг ойлголт байгаа боловч энэ үеийн залуус өөрсдийгөө мэддэггүй. Өмнөх үеийн явсан замналаар явж, тэдэнтэй өөрсдийгөө харьцуулах хандлагатай байгаа юм болов уу гэж боддог. Өмнөх болон бидний үеийн хооронд сэтгэхүйн ялгаа л бий. Тэрнээс бие махбод, ажлын чадамж зэрэг нь яг адилхан шүү дээ. Манай үеийнхний сул тал нь хэтэрхий “унтаа” байдалтай байна. Өөрийн хичээлээ л хийнэ. Тэрнээс нийгэмд юу болж байгаа талаар огт сонирхдоггүй. Улс төрийн мэдлэггүй. Эдийн засгаар сурдаг хирнээ Монголын эдийн засгийн талаар тодорхой тоо баримт мэддэг оюутан тун цөөн. Үүнийг би баттай хэлж чадна. Мөрөөрөө хичээлээ хийгээд, сургуулиа төгсөөд гайгүй цалинтай ажил олоод хийе гэхээс илүү зүйл бодох чадалгүй оюутан олон байгаа нь харамсалтай. Ингээд бодохоор манай улсын залуус “Z” үе гэсэн тодорхойлолтод хүрэхгүй байгаа юм шиг санагддаг.

Юунд ч гомдоллох эрхгүй үеийг залуу нас гэдэг байх. Өнөөдрийн нийгэмд ямар ч тэнэг хүн өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой. Хэдэн ч удаа бүтэлгүйтэж, алдсан бай дахиад эхэлж, амжилтад хүрэх нас байна шүү дээ. Юунд ч гомдоллох хэрэггүй.

ЭХ СУРВАЛЖ: HUMANZ.MN сайт.. МОНГОЛ “Z булан.. Сэтгүүлч: М.Баасандэлгэр

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 202.55.188.462020-04-01 15:28:24

Ерөөсөө Z Үеийнхэн биш юм биш үү? Дэлхий дахины хөгжлөөс бид оюун сэтгэлгээний хувьд 100 жил хоцрогдсон. Тэгэхээр манайд A, B үеийхэн ч төрөх яагаа ч үгүй байх шиг байна.