Хүүхдийн мөнгийг 30 мянга болгосноор гурван сард 34.2 тэрбум төгрөг зарцуулна

COVID-19 халдварын үеийн эдийн засгийг дэмжих Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн мөнгийг 10,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 30,000 төгрөг болгохоор шийдвэрлэснээ танилцуулсан. 

Гурван сарын хугацаанд хэрэгжих уг шийдвэр Монгол Улсын 18 хүртэлх насны 1.1 сая хүүхэд бүгдэд нь хамаарах юм. 

Үүнд нийт 34.2 тэрбум төгрөг шаардлагатай хэмээн Сангийн яам тооцсон бөгөөд нэмэлт 10,000 төгрөгийг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаан зогссонтой холбоотойгоор хэмнэгдсэн зардлаас гаргана гэж үзжээ. 

Тодруулбал, сургуулийн Үдийн цай хөтөлбөрөөр өдөрт нэг сурагчид 900, цэцэрлэгт өдөрт нэг хүүхдэд 2,475 төгрөг зарцуулагддаг бол энэхүү мөнгөөр дээрх арга хэмжээг санхүүжүүлэхээр Сангийн яам төлөвлөжээ.