Коронавирусийн нөхцөлд стресстэй хэрхэн тэмцэх вэ?

 

    Оросын Онцгой байдлын яамны Бүх оросын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүд  коронавирусийн цар тахлын нөхцөлд стрессийг хэрхэн давж гарах санамж бэлтгэжээ. 

Санамжид сэтгэлийн зовиур түгшүүрийг багасгах есөн арга орсон бөгөөд тухайлбал энэ сэдвийн талаархи үзэж буй мэдээллийн тоог хязгаарлаж, эрүүл хооллох аргыг зааж өгсөн байна.

“COVID-19-ийн талаар айж, санаа зовох нь  насанд хүрэгсэд болон хүүхдүүдийн аль алинд хүчтэй сөрөг бодол төрүүлж болох талтай. Стрессийг давж гарах явдал болон стресс нь өөрөө удирдаж болох, удирдах ч ёстой  тийм үйл явц юм”. 

Коронавирусийн байдлын тухай уншиж буй мэдээллийн тоог хязгаарлаж, мэдээ материал үзэх цагийг сонгож, албан ёсны мэдээллийн эх сурвалжийг ашиглах нь илүү дээр гэж  мэргэжилтнүүд зөвлөж байна.  Нийгмийн сүлжээ нь  худал мэдээллийн хамгийн идэвхитэй эх сурвалж бөгөөд тиймээс энэ сүлжээг цөөхөн үзэж байхыг мэргэжлийн байгууллага сануулжээ.

Бусад зөвлөгөөний тухайд гэвэл, эмнэлгийн зөвлөмж болон хувийн ариун цэвэр сахих дүрэм, эрх баригч байгууллагуудын зөвлөмжийг  мөрдөж, ойр дотнын хүмүүстэйгээ  утас, скайп юмуу электрон шуудангаар харьцаж байхыг зөвлөж байна. COVID-19-ийн тархалтын байдлаас анхаарлаа хөндийрүүлэх ажил төрөл хийж байхыг мэргэжилтнүүд бас зөвлөжээ. Энэ нь хобби, дуртай кино үзэх, зураг зурах, гадаад хэл үзэх, йогийн дасгал хийх, гэр орноо цэвэрлэх зэрэг юм. Тэрчилэн эрүүл хооллох горимыг баримтлаж, биеийн тамираар тогтмол хичээллэж, нойр сайн авч,  согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх нь бас чухал.  Өөрийн биеийн  байдлын талаар ойр дотнын хүнтэйгээ ярьж байхыг мэргэжилтнүүд бас зөвлөж байна. Харин хэрвээ хүн нэлээд хэдэн өдрийн турш сэтгэлийн түгшүүрээс салж чадахгүй байгаа бол,  сэтгэл судлалын албанд хандаж болох юм. 

     Коронавирусийн халдвар тархаж байгаатай холбогдуулан  хөл хорионд орж, өөрийгөө тусгаарлах горимд шилжиж, гэрээр ажиллаж байгаа хүмүүст зориулан ДЭМБ  бас зөвлөмж гаргажээ. Багаахан өрөөнд ч биеийн идэвхитэй байдлыг сахиж, тодруулвал өрөөн дотуураа явж,  дороо алхалж, мөн утсаар ярьж байхдаа суухгүй байхыг ДЭМБ чухалчилан зөвлөж байна. Утсаар ярьж байхдаа гэр дотуураа явж, наанадаж зүгээр л зогсож ярих нь дээр. 

Гадаа гарахыг зөвшөөрсөн хүмүүс бусдаас 1 метрээс багагүй зай барьж байхыг мэргэжлийн байгууллага сануулж байна. ДЭМБ гэр орноосоо ажлаа хийж байгаа хүмүүст  нэг дор 30 минутаас илүүгүй хугацаагаар суухгүй байж, байнга  босч, биеийн чилээг гаргаж байхыг зөвлөж байна. 

Б.Атар


Сэтгэгдэл бичих