“10-45 насныхан буюу идэр насны хүмүүс халдвар авах тохиолдол өсч байна”

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн нөхцөл, байдлын талаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Одоогоор дэлхийн 205 оронд шинэ коронавирусийн халдвар илрээд байна. Сүүлийн үеийн мэдээллээр коронавирусээр залуу хүмүүс өвлөх нь ихэсчээ. Ялангуяа 10-45 насныхан буюу идэр насны хүмүүс халдвар авах тохиолдол өсч байгааг дэлхий дахин онцолж байна. Мөн БНХАУ-д уг вирус зөөвөрлөгдөн орж ирж, 400 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс энэ сарын 20-оос агаарын хилээ хааж байна. Мөн нэг онцлог зүйл бол Нидерланд улсад нийтийн бохирын хоолой буюу цэвэрлэх байгууламжаас коронавирусийн халдварыг илрүүлжээ. Тиймээс энэхүү вирус нь агаар дуслын зам болон өтгөн, ам мөрийн замаар дамжих боломжтой юм.

Одоогоор дэлхий дээр 465915 тохиолдол бүртгэгдэж, 21031 хүн амиа алдсан гэсэн мэдээлэл байна. Дэлхий дахинд өвчний нөхцөл, байдал хүнд байна. Ухань хотод сүүлийн хоногуудад нас баралт бүртгэгдээгүй байсан бол өчигдөр таван хүн амиа алдсан. Тэгэхээр коронавирусийг намдсан орнуудад дахин илрэх магадлалтай байна. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: УОК-ын хурлаар тусгаарлах хугацааг 21 хүртэлх хоногоор сунгасан. Тусгаарлах байрыг ганцаарчлах нөхцөлөөр шийдвэрлэсэн. Тусгаарлагдаж буй иргэдийг шинжилгээнд хамруулах, сөрөг тохиолдолд онгоцонд зорчуулах, сэжигтэй шинж тэмдэг илэрсэн иргэдийг онгоцоор зорчуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Зорчигчдын халууныг хоёр цаг тутамд шалгахаар болсон. Бид тусгай үүргийн онгоцонд явах эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн бэлэн байдлыг хангахаар ажиллаж байна. ДЭМБ-аас гаргасан сэжигтэй тохиолдлын тодорхойлолт өөрчлөгдөж 16 хоног болсон. Тиймээс өвчтэй хүнтэй нэг метрийн зайнд харьцсан хүмүүсийг сэжигтэй гэж үзэж, тусгаарласан. Халдвар Монгол Улсад тархах өндөр эрсдэлтэй. Халдварын нууц үеийн хугацааг 14 хоног гэж ДЭМБ-аас үзэж байна. Халдварын нууц үеийн дээд хугацаа 15-28 хоног гэж судлаачид үзсэн учраас тусгаарлах хугацааг 21 хоног болгон өөрчиллөө. Европын орнуудад 30 гаруй хувь нь шинж тэмдэггүй халдвартай өвчтөнүүдээс халдвар авсан байх магадлалтай байна. Өвчлөлийн 38 хувь 20-54 насны иргэд байна. Тиймээс бид иргэдийг халдварын шинж тэмдэг илэрвэл маск зүүж, гараа угаан эмнэлэг рүү холбогдож тусламж үйлчилгээ авах хэрэгтэй. Аливаа буруу ташаа мэдээлэлд бүү мартаарай. Бид БНХАУ-ын Эрүүл мэндийн Үндэсний хороотой хамтран уламжлалт анагаах ухаанаар хэрхэн эмчлэх талаар өнөөдөр туршлага солилцох хурлыг зохион байгуулна. Коронавирусийн халдварт 300 тэрбум зарцуулна гэж УИХ-ын нэр бүхий гишүүн мэдээлсэн нь ташаа. Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ ил тод хүргэж байгаа.

Сэтгэгдэл бичих