BLOOMBERG: Дэлхийн эдийн засаг эрс унахаар байна

Коронавирусийн цар тахлаас үүдэн дэлхийн эдийн засгийг тун тааруухан ирээдүй хүлээж байна гэж Блумберг агентлаг бичжээ. Өвчнийг тархаахгүйн тулд янз бүрийн орны эрх баригчид нийтийг хамарсан хорио цээр, хатуу хязгаарлалт тогтоогоод байгаа нөхцөлд  энэ оны эхний хагаст дэлхийн эдийн засаг эрс унахаар байна.

Үйлдвэр заводууд  хаагдаж, агаарын тээвэрлэлт буурч байгаа нь ажил хэргийн идэвхижлийн индекс унахад хүргэнэ гэж тус  агентлаг цохон заажээ.  Жишээлбэл,  еврогийн бүсэд  энэ үзүүлэлт 1998 оноос хойш хамгийн доод хэмжээнд хүртэл унажээ. “Ирээдүйн эдийн засгийн төлөв аймшигтай байна” гэж банкны HSBC Holdings группийн эдийн засгийн ахлах зөвлөх Стивен Кинг хэлжээ.

2020 онд дэлхийн хэмжээний уналт болох магадлал өндөр байгааг өмнө нь Олон улсын валютын сан мэдэгдсэн юм. Тус байгууллагын тэргүүн Кристалина Георигиевагийн таамаглаж байгаагаар,  нөхцөл байдал 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үеийнх шиг юмуу үүнээс ч  дор байж мэдэхээр байна.  “Эдийн засгийн нөлөөлөл ноцтой байх болно” гэж тэр онцлон тэмдэглэжээ. Тийнхүү дэлхийд эдийн засгийн хямрал нэгэнт эхлэжээ. 2020 оны дүнгээр дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн талаархи мэргэжилтнүүдийн таамаглал хасах 2-оос нэмэх 2.7 хувийн хооронд  байна.

                          Б.Атар      

Сэтгэгдэл бичих