З.Энхболд: Монголчууд цахим гарын үсэггүй учраас ЦАХИМААР СОНГУУЛЬ өгөх ямар ч боломж байхгүй


- Монголын Үндэсний Олон нийтийн Радио Телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн З.Энхболдтой монголчуудын цахим хэрэглээний талаар ярилцлаа. Тэрээр нийслэлийн 23 дугаар сургуулийг төгсөж, Хан-Уул дээд сургуулийн хэрэглээний математикийн ангийг дүүргэжээ. Удалгүй МУИС-ийн банкны ангийг төгсөж хоёр дах бакалаврын зэргээ хамгаалсан байна. Түүний дараа Японы боловсролын яамны тэтгэлэгт буюу Момбушүд хамрагдаж, Иокогамагийн их сургуулийг цахим худалдаа, системийн загварчлал гэсэн чиглэлээр төгсжээ. Төгсөөд тэндээ ажиллаж байгаад, саяхан МУИС-ийн бизнес удирдлагын сургуульд “E-Barimt” программаар, судлаач магистрын зэрэг хамгаалжээ. Тэрээр Мэдээлэл харилцаа холбоо, шуудан харилцаа холбооны дэд даргаар, Үндэсний дата төвийн захирлаар тус тус ажиллаж байжээ. Одоо МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажилладаг.

- Дэлхий нийтээр дижитал хэрэглээнд шилжиж, бүх үйлчилгээг цахимаар авдаг болж байна. Үүнийг дагаад цахим засаглал гэх ойлголт гарч ирсэн. Цахим засаглал гэдгийг энгийн үгээр тайлбарлавал?

- Би Эстоны цахим засаглалын академийг төгссөн л дөө. Энэ академиас цахим засаглал гэж юу болох тухай ойлголтыг цогцоор нь авч чадсан. Үүнийг хэрэгжүүлэх нь нийгэмд, тухайн улсад ямар ашигтай байдаг, яаж цахим засаглал хийх, ямар технологи ашигладаг болон хэрэв тэр систем гацахад тухайн оронд хэр хэмжээний хохирол үүсэх, яаж хамгаалах вэ гэх мэт цогц ойлголт, мэдлэгийг Эстоны цахим засаглалын академи надад олгосон. Цахим засаглалын академид төрөөс иргэдэд үзүүлдэг нийт үйлчилгээтэй холбоотой үндсэн ойлголт бий. Жишээ татаж яривал, манай улсад төрөөс иргэдэд чиглэсэн 600-н төрлийн үйлчилгээ байдаг. Үүний 320-ийг нь онлайнаар шийдэх боломжтой. Хэдий ийм боломж байгаа ч гэсэн, иргэд иргэний үнэмлэхээ сунгуулахын тулд зуун айлын Иргэний бүртгэл мэдээллийн төв дээр  дээр очиж хоёр хоног очерлодог. Үүнийг одоо шууд шийдээд цахим болгох бололцоо байхгүй л дээ. Иргэний үнэмлэхний лавлагааг ТҮЦ машинаас авахыг мэргэжлийн төвшинд хагас шийдэл гэж нэрлэдэг. Бүрэн онлайн биш гэсэн үг. Зуун айлд хэвлэдэг байсан цаасыг иргэдэд арай ойрхон болгосон үйл ажиллагаа. Харин төгсөрсөн цахим засаглалын онолоор бол та цахим гарын үсгээ ашиглан хаанаас ч хамаагүй цаасгүйгээр лавлагаа авах боломжтой. Иргэний үнэмлэхийн лавлагаа авахын тулд Зуун айл, Төв шуудан оролгүйгээр, гэрээсээ авч болно гэсэн үг.

- Цахим засаглалд шилжихийн тулд хамгийн түрүүнд улс, орнууд юу хийх шаардлагатай байдаг вэ. Коронавирусийн халдварын улмаас бид цахимаар ажлаа хийж эхэллээ. Энэ нь цахим хэрэглээг дэлгэрүүлж буй нэг үйлдэл байх?

- Хүн бүр ухаалаг утас ашиглан, цахим мэдлэгтэй болж байна. Энэ үед тоон аргачлалаар цахим гарын үсгийг суулгаж өгөх хэрэгтэй. Гэхдээ цахим гарын үсгийг зохих ёсоор нь оруулж ирэх бэлтгэл ажил хангагдахад хоёр жил шаардлагатай байдаг. Хэрэв бид цахим гарын үсгийг бүрэн утгаар нь нэвтрүүлж чадах юм бол хоорондоо онлайн гэрээ, хурал хийж болно. Одоогийн цахимаар хийж байгаа ажлууд бол учир дутагдалтай. Коронавирус үүссэнээр манайхан өөрсдийгөө гэрээсээ ажиллах боломжоор хангагдчихлаа гэж буруу ойлгоод байна. Яг үнэндээ бид зүгээр л камераар нэгийгээ харж, хоорондоо ярих боломжтой болсон. Тэрнээс бодит хурлын ширээн дээр суугаад, нэгэн рүүгээ тамгатай цаас дамжуулах, хянах, өөрийн гараар гарын үсэг зурах буюу эрх зүйн бичиг баримт боловсруулах хэсэг нь байхгүй. Яахав, шууд царайгаа хараад ажлаа хийж байгаа юм шиг боловч тэр хүн цагтаа ажлаа хийж байгаа гэсэн эрх зүйн үндэс байхгүй, камерын цаанаас буруу шийдвэр гаргалаа гэхэд тэр хүнд хариуцлага тооцох боломжгүй. Ийм болохоор мэргэжлийн хүний үүднээс харахад, бидний хийгээд байгаа видео коллыг /Video Call/ онлайн хурал гэдэггүй юм. Энэ бол хоёр хүн царайгаа харалцаад нөхөрсөг яриа хийж байгаа үйлдэл. Гэтэл манай ихэнх байгууллага энэ үйлдлийг онлайн хурал хийж байна гэж ойлгоод байх шиг. Манайд нэг буруу ойлголт байна. Коронавирус гараад, хоорондоо чатаар харилцаад ирэнгүүт л “бид анхнаасаа дижитал мэдлэгтэй ард түмэн байсан байна” гэж өөрсдийгөө хөөргөөд байгаа юм. Гэтэл тийм биш. Миний бодлоор коронавирус гарч, хагас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр хүмүүс “бидэнд дижитал хэрэгцээ хэрэгтэй байна” гэдэг ойлголттой болсон.

- Цахим гарын үсгийн талаар дурдлаа л даа. Манайд цахим гарын үсгийг нэвтрүүлэх боломж, нөхцөл нь хэр байдаг вэ?

- Хамгийн олзуурхууштай зүйл нь манайх цахим гарын үсэггүй мөртлөө цахим гарын үсгийн хуультай орон. Зөвхөн гарын үсэг гэлтгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа зүйл бол цахим мөнгө. Үүнийг биткойн, крипто валют зэрэгтээ холбож ойлгох хэрэггүй. Эдгээр зүйлс бол жирийн нэг элемент нь. Нэг жишээ хэлье. Эстони улсад төв банкнаас нь гаргасан цахим мөнгө байдаг. Манайхаар бол цахим төгрөгтэй гэсэн үг. Би маргааш цахим мөнгөтэй болъё гэхэд эхлээд эрх зүйн журам хэрэгтэй болно. Дараа нь цахим хэтэвч гэх ойлголт гарч ирнэ. Таны хийсэн бүтээлийг цаасан мөнгөөр биш цахим мөнгөөр хэмждэг болно. Ингэхийн тулд гацдаггүй чанартай программ хэрэг болно. Үүний тулд IT-ийн мэргэжлийн дэд бүтэц сууж ажиллана гэсэн үг. Ингэж бүтэн жилийн турш бэлдсэний дараа, хуулийн дагуу цахим гарын үсэг хэрэглээнд нэвтрэх юм бол бид цахим мөнгөтэй болж чадна. Цахим мөнгөтэй болох хамгийн эхний давуу тал нь цаасан мөнгөөр дамждаг вирусийн төрлийн бактериуд устана. Цаасан мөнгө гэдэг өөрөө их зардалтай. Заримдаа урагдаад алга болох эрсдэлтэй. Харин цахим  мөнгөнд тийм асуудал гарахгүй. Тэгэхээр дижитал засаглалтай, дижитал бизнестэй орон бол хамгийн наад зах нь өдөр тутам хэрэглэдэг цахим гарын үсэг болон цахим мөнгөтэй, цахим хэтэвчтэй байх ёстой.  Ингэж байж сая нэг юм та цахим эриний, цахим иргэн болж чадна. Энэ тал дээр бид асар их андуурч явна.

- Монголчууд гэрээсээ ажиллаж байгаагаа цахимаар ажиллах гэж нэрлээд байгаа. Таны бодлоор манай үйлчилгээнүүд цахим руу бүрэн утгаараа шилжиж чадаж байгаа юу?

- Манай улсад онлайн руу шилжсэн нэг ч үйлчилгээ байхгүй. Үүнийг би маш амархан баталгаагаар нотолж чадна. Нэгдүгээрт, та онлайнаар нэг гэрээ хийлээ гэж бодоход тэрийг чинь хамгаалах эрх зүйн гэрээ байхгүй. Хоёрдугаарт, таныг гэрээ хийснийг хэн, юугаар нотлох юм. Ингээд бодохоор Монголд онлайн систем рүү  шилжсэн ямар ч ажил байхгүй гэсэн үг. Жинхэнэ онлайн системтэй орон бол Эстони. Долоон жилийн өмнө Эстонийн иргэд сонгуулиа цахим гарын үсгээр өгдөг байсан. Эстонийн жирийн иргэн Европын холбооны орноор зугаалж явахдаа, гар утсаа ашиглан, улсынхаа ерөнхийлөгч болон засгийн газраа сонгож болдог байсан гэсэн үг. Мэдээж цахим гарын үсгээрээ шүү дээ. Цахим гарын үсэг нь хуулиар баталгаажсан. Гэтэл монголчууд сонгууль өгөхийн тулд бүтэн нэг өдөр амраад л, хороон дээрээ очиж дараалалд зогсоод, заваарсан юм болдог. Сонгуулийн өдөр  саналаа өгөхийн тулд хүмүүс өөрөөсөө багагүй энерги зарцуулдаг. Ингээд бодохоор Эстончууд ухаалаг амьдраад байна уу. Эсвэл монголчууд ухаалаг амьдраад байна уу гэсэн нэг л асуулт гарч ирнэ.

- Тэгэхээр хөл хорионы сунгагдсан тохиолдолд манай улс сонгуулиа  цахимаар явуулах боломжгүй гэсэн үг үү?

- Байхгүй. Цахим гарын үсэггүй хүмүүс яаж цахимаар саналаа өгөх юм. Үүнтэй холбож нэг зүйлийг заавал ярих ёстой. IT- ийн хөгжил гэдэг нь компьютерт дагалдаж ирдэг өгөгдөл мөн. Гэхдээ түүний цаана бүртгэл гэж нэг зүйл бий. Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л аливаа зүйлүүдийг бүртгэдэг байсан. Чингисийн цэргүүдийг “Аравт” гэж хуваадаг байсан шиг бүх л зүйл тоонд хамаатай. Тоон мэдээлэл зөв байсан цагт зөв шийдвэр гардаг цаг үе байсан гэхэд болно: Өнөөдөр хүмүүс компьютер ашиглаж бүртгэл л хийж байгаа. Тэгвэл таны цахим гарын үсэг нь таны бүртгэл гэсэн үг. Энэ нь та өөртөө цахим гарын үсэг хийгээд, тэрийгээ гэрээн дээр зураад явна гэсэн үг биш л дээ. Энэ бол нарийн бүртгэл. Өнөөдрийн байдлаар манай улс зөвхөн хурууны хээгээр явж байгаа. Хурууны хээ нь цахим гарын үсгийн бүрэн шаардлагыг хангадаггүй. Хэн нэгний хурууны хээг өөр газар хуулбарлах боломжтой. Тиймээс л дахин давтагдашгүй цахим гарын үсэг гэж байдаг.

- Орон даяар цахимжуулах, онлайн үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд хамгийн эхний алхам нь юу байх вэ?

- Энэ онцгой байдлын үед бид нэг зүйлийг сайн ойлгож байна. Коронавирус гараагүй байсан бол бид нар бүгдээрээ гудамжиндаа гарч, түгжрэл дээр түгжрэл нэмээд л явж байгаа. Уг нь цахим хэрэглээг нэвтрүүлж чадвал монголчуудад цагаа үр ашигтай өнгөрүүлэх боломж нь байгаа. Гэхдээ нэг зүйлийг заавал анхаарах хэрэгтэй. Энэ цахимжуулах ажлыг хувийн хэвшил дангаараа хийчихэж болдоггүй. Жишээ нь, нэг хувийн компани гарч ирээд бид цахим гарын үсэг хийнэ гэж болохгүй. Ямар нэгэн томоохон хувийн компани цахим гарын үсэг хийгээд иргэдэд зарж байна гээд бод. Хэрэв тэгвэл иргэдийн цахим гарын үсгийн сан нь нэг хувийн компанийн өмч болно гэсэн үг. Тэгэхээр иргэдийг улс удирдаад байна уу, эсвэл цахим гарын үсэг зарсан хувийн компани ажилтан шигээ улирдаад байна уу гэсэн асуулт гарч ирнэ. Цаашлаад энэ нь үндэсний аюулгүй байдалд хамаарах асуудал үүсгэнэ. Харин цахим гарын үсгийг хийх боломжтой хувийн компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төрд туслаж болно. Хамтарч ажиллаж болно. Тэрнээс дангаараа энэ ажлыг хувийн хэвшлийн байгууллага гардан хийж болохгүй.

- Сүүлийн үед манай иргэд онлайн худалдааны бизнесийг эхлүүлэх нь олширч байна. Олон улсын жишигтэй харьцуулбал бид хаана явна вэ?

- Цахим гарын үсэггүй, цахим мөнгө болон хэтэвчгүй гурван сая иргэнтэй өнөөдрийн нөхцөлд онлайн худалдаа эрхлэх ямар ч боломж байхгүй. Бараагаа вебсайтад өрж тавьдгаа цахим худалдаа гэж бид ойлгоод байх шиг байна. Гэтэл үгүй. Эцсийн дүндээ худалдан авагчтайгаа уулзаж байж л мөнгөө солилцдог биз дээ. Одоо манайд интернетээр бараа зараад байгаа үзэгдэл бол цахим маркетинг. Өнөөдөр ганцхан онлайн худалдааны сайт хийдэг зах зээлийн үнэ нь 20-50 сая төгрөг. Монголчууд энэ вебсайтын ашгийг олж харахгүй байгаа юм. Гэтэл манайхны нэг нь дэлгүүр нээгээд, фэйсбүүк дээр пэйж нээгээд, бараагаа зарчихдаг. Үүнийгээ онлайн худалдаа гэж андуурдаг. 20 саяар вэбсайт хийлгээд, ашиг олохгүй байгаа гол шалтгаан нь манай улсад онлайн төлбөр тооцооны арга байхгүй. Зөвхөн банкны картаар л шилжүүлэг хийгээд байдаг. Цахим гарын үсэггүй. Манайхны карт уншигчаар төлбөрөө хийдэг чинь дижитал биш хагас автоматжиж байгаа хэлбэр.

- Дэлхийн бусад орны цахим хэрэглээ болон онлайн үйлчилгээний хөгжлийн талаар хуваалцаач. Бидэнд бусад орноос ялгарах давуу тал бий юу?

- Би цахим засаглалын талаар судлах үеэрээ олон орноор очиж үзсэн. Сингапур, Гүрж, Япон, Солонгос, Америк, Эстони гэх мэт. Цахим засаглалаараа дэлхийн номер нэг орон бол Солонгос. Тавин сая хүн амтай. Самсунгаас эхлээд олон том компанитай. Харин Европт цахим засаглалаараа номер нэг орон бол Эстони. Эстони улс гурван сая хүн амтай. Хамгийн хачирхалтай нь энэ орны эдийн засаг нь ядуу. Тэгсэн мөртлөө бүрэн цахимжиж чадсан орон. Манай улсын хувьд дижиталчлах хөгжлийн дэд бүтэц нь үнэхээр бахархмаар төвшинд хөгжсөн байдаг. Дэд бүтэц гэхээрээ манай үүрэн телефоны дөрвөн операторыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл бид өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулбал хямд үнээр, хурдан интернет хэрэглэдэг. Үүнийг би онцгойлон хэлмээр байна. Үйлчилгээ нь буюу машин нь бэлэн болоогүй мөртлөө дэд бүтэц буюу дугуй, мотор нь бэлэн болчихсон байгаа гэсэн үг.

- Монголчууд бүрэн дижитал эринд шилжихийн тулд программистууд чухал үүрэгтэй байх. Манай мэргэжилтнүүдийн ур чадвар хэр өндөр вэ?

- Нэгдүгээрт, манайд IT хөгжүүлэгч мэргэжилтэй хүн цөөхөн. Хоёрдугаарт, монголчууд өөрсдийгөө дижитал эрний хүмүүс гэдэг хэрнээ программист хүнд бага цалин өгдөг. Компаниуд программистаа хэдэн төгрөөөр цалинжуулдаг билээ. Амьдрахын төлөө цалин гололгүй нэг компанид ордог. Компьютер засахаас эхлээд хоёр, гурван хүний ажлыг зэрэг хийдэг. Эцэс сүүлд нь “би чадна” болж хувирдаг. Ингээд бодохоор бид хэр дижиталсаг байгаа нь харагдана. Программчлалын хамгийн хүнд хэлбэр нь тоглоом хийх. Пос машин, нягтлан бодох бүртгэлийн машин, вебсайт, аппликэйшн хийхээс ч хэцүү. 3D анимэйшн буюу тоглоомын дүрийн хүүхэлдэй хийх чинь хамгийн хэцүү. Ганцхан дүрийн хүүхэлдэй зурахын тулд нэг сарын хугацаа хэрэгтэй. Монголчууд одоогоор 3D модель зурж чадахгүй байгаа. Ядаж модель зураад сурчихвал, шатар хийгээд 3D принтерээр гаргаад ирмээр байна. Программын шатар биш шүү, зүгээр л энгийн шатар. Гэтэл манайхан чадахгүй. Монгол программистууд сурч л явна. Яахав, бид цахим тоглоом хийчихлээ гэж бодъё. Хийсэн тоглоомыг хэдэн хүн худалдаж авах чадвартай вэ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд хөгшид болон хүүхдүүдийг хасаад, төлбөрийн чадвартай 800 мянган хүн л байгаа. Энэ дундаас компьютер тоглодог нь хэд байх вэ гэх зэргээр асуудлууд яригдана.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

БэлтгэсэнМ.Дэлгэрэх www.bataar.mn

 

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 64.119.18.1317 цагийн өмнө

За тэгээд цахим гарын үсэгтэй байлаа ч манай санал тоолох машины булхай хийдэг нөхдүүд яаж ийгээд л будлиантуулах байлгүй. Муу юмандаа сайн, монголчлохдоо гарамгай улсууд шүү дээ.

Зочин - 64.119.27.19321 цагийн өмнө

За нэг иймэрхүү залуус л монголыг хөгжүүлж чадна даа.Ажилаа мэддэг хүнтэй ажлаа мэддэг сэтгүүлч ярилцжээ.Чухал сэдвийн агуулага сайн гарчээ.

цахим - 139.5.216.222Өчигдөр

Моногол улсад ХХК компани байгуулаад нэг өдөр бүх юмаа авчихдаг байж боломжгүй гэнэ үү. Тэрэн шиг амархан юм байхгүй байхаа. Хурууны дардас байж болдоггүй юм уу

N - 64.119.20.252Өчигдөр

Мундаг боловсролтой залуу байна да Монголчууд мэдээллийн технологийн салыарт дэлхийд тэргүүлэх болтугай.

иргэн - 202.179.24.94Өчигдөр

tiim shu uneheer saihan tailbarlasan baina bayrlalaa

Songogch - 66.181.161.23Өчигдөр

Tsahim songuuli yvuulna gej ali ch talaasaa butehgui ym bn sbuu nohdoo

IT sonirhogch - 150.129.141.42Өчигдөр

dijimal heregleenii bolomj hyzgaargui ym bn. iluu ihiig medeh heregtei ym bn Bayarlalaa

IT sonirhogch - 150.129.141.42Өчигдөр

dijimal heregleenii bolomj hyzgaargui ym bn. iluu ihiig medeh heregtei ym bn Bayarlalaa