Италийн Робинзон Крузо өөрийгөө тусгаарлах аргаасаа заажээ

Сардинийн Буделли аралд 30 гаруй жил ганцаараа суусан даянч өвгөн коронавирусээс өөрийгөө тусгаарлах хялбар арга зааж өгчээ. Өөрөөр хэлбэл  ганцаараа байхаас айхгүй байх, ном унших хэрэгтэй гэж зөвлөсөн байна. Телевизийн CNN сувгийн сайтад энэ тухай ингэж бичжээ.

1989 онд Милан хотын “Immobiliare Nuova Gallura” гэдэг компани биеийн тамирын багш байсан Морандийг Буделли арлын сахиулаар хөлсөлжээ. Пүүс санхүүгийн бэрхшээлээс болоод түүнд мөнгө өгч чадахаа больж л дээ. Харин Моранди өөрөө Буделли аралд үлдэж,  цаашид  цалин хөлсгүй ажиллахаар шийдсэн байна. Энэ он жилүүдэд 81 настай даянч  италийн Робинзон Крузо гэдэг нэр авчээ.

Гадаад ертөнцөөс тусгаарлагдсан хэдий ч Моранди гар утсаараа сүүлийн үеийн мэдээллийг авдаг. Арал дээр байхад түүнд ямар ч аюул байдаггүй. Энэ талаараа тэрээр “Миний бие цоо эрүүл. Дэлхийд болж буй хэрэг явдлууд надад айдас төрүүлдэггүй. Аралд миний амь насанд ямар ч аюул учруулдаггүй. Элдэв эрсдэл огт байхгүй. Алсад ганц ч болов хөлөг онгоц харагдах нь үгүй” гэж ярьжээ.

Одоо тэр Италийн Модена хотод сууж байгаа гэр бүлийнхэн болон найз нөхдийнхөө эрүүл мэндэд санаа зовж байгаа гэнэ. Эх орон нь коронавирусээр өвчлөгсдийн тоогоор дэлхийд хоёрт орсон нь түүний сэтгэлийг зовоож байгаа аж. “Одоо тэдний хувьд амаргүй үе ирээд байна” гэж тэр онцлон тэмдэглэжээ. Харин коронавирусийн цар дэгдэлт Морандигийн амьдралд бараг нөлөөлөөгүй байна. Харин нэг зүйл гэвэл, аралд хоол унд авчирч өгөхөө больж, жуулчидтай хааяа нэг уулздаг байсан нь байхгүй болжээ.

Би өөрийгөө ганцаардаж байгаа хэмээн огт үздэггүй гэж  Моранди хэлсэн байна. Өөрт нь уйтгартай юм шиг санагдаад ирвэл, тэр арлын гоё газруудын зургийг авч, Инстаграмд тавьдаг гэнэ. Хөл хорих, өөрийгөө тусгаарлах нь өөрийгөө танин мэдэх  сайхан боломж юм гэж тэр үздэг. “Өвөл болохоор би хэдэн сараар гадагш гардаггүй, хааяа л урцныхаа үүдний довжоон дээр гарч суудаг. Хүмүүс хоёр долоо хоног гэртээ сууж чаддаггүй гэсэн үү. Инээдэмтэй хэрэг” гэж тэр дурджээ.

Тэр ном уншиж,  өөрийнхөө дотоод ертөнц рүү өнгийж харахыг бод гэж хүмүүст зөвлөжээ.  Олон хүн ганцаараа байхаас айдаг гэж тэр хэлсэн байна.

Хөл хорионы дүнд өнгөрүүлсэн амьдралаа эргэн харж, түүнийг сайн тийш өөрчлөх боломж гарч ирлээ гэж Моранди үзэж байна.  “Гэвч цөөхөн хүн л энэ боломжийг ашиглаж байх шиг.  Олонхидоо тав тухтай орчин, утгагүй амьдралд хэтэрхий дасчихсан хэрэг” гэж тэр ярьжээ.

Б.Атар                                                                                                        

Сэтгэгдэл бичих