МАХН: Дундаж цалинг 5 сая төгрөгт хүргэнэ

МАХН болон ИЗНН, МУНН хамтран ажиллаж, 2020 оны УИХ-ын сонгуульд нэгдэн оролцох болсон талаараа мэдээлж байсан билээ. Тэгвэл тус эвслээс өнөөдөр /2020.03.24/Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө албан ёсоор гардуулан өглөө.

Энэ үеэр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга ярихдаа “Хуулийн дагуу намынхаа мөрийн хөтөлбөрийг гардуулахаар хүрэлцэн ирээд байна. МАХН, ИЗНН, МУНН хамтран “Та бидний эвсэл” нэртэйгээр нэгдэж, мөрийн хөтөлбөрөө боловсрууллаа. Монгол хүний цалингийн дундаж хэмжээг таван сая төгрөгт хүргэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан. Эдийн засгийн хүндрэл тооцоог маш сайн хийсэн.

Бид сонгууль зарлагдахаас ч өмнө бүтэн гурван жил мөрийн хөтөлбөрөө боловсруулж, эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлж явсан.  Товчхондоо, Монголын гурван баялаг гэж байх ёстой гэж хөгжлийн бодлогоо тодорхойлсон. Нэгдүгээрт, өргүй монгол хүн эх орныхоо баялаг нь байх ёстой. Хоёрдугаарт, өрх бүр орон сууцтай байх ёстой. Гуравдугаарт, шударга төр Монголын баялаг байх ёстой. Ийм гурван нандин холбоог бид мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ингэснээр өрөнд орохооргүй цалин орлоготой иргэдийг бий болгож, өрхийн хувьд орон сууцаар хангагдсан аюулгүй орчинд амьдрахыг хүсч байна. Харин төрийн хувьд авлигаас ангид байж, шударгаар ард түмэндээ үйлчилж чаддаг байх ёстой. Энэ бүгд дөрвөн жилийн дотор биелэх бүрэн боломжтой зорилтууд байгаа”