Хятад дах “COVID-19” өвчний судалгаа, шинжилгээний үр дүн болон өгч буй зөвлөгөө

Хятад улсын Шинжлэх ухаан, технологийн яамны дэмжлэгтэйгээр Хятадын шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын гол анхаарлыг коронавирусийн судалгаанд хандуулсан бөгөөд вирусийн халдвар авах, хурдан илрүүлэх, эмийн бүтээгдэхүүн, вакцин, загвар бүтээх, хөгжүүлэлт, эсрэг биеийн судалгаа, боловсруулалт зэрэг ажил үр дүнд хүрчээ. Ингэснээр вирусийг 2 цагийн дотор баталгаатай илрүүлэх оношлуурыг амжилттай туршиж, хэд хэдэн вакцин амжилттай гарган авч, клиник туршилт явуулж байгаа аж.

“Covid-19”-ийн халдвар авсан иргэдийн 1/3-д нь өвчний шинж тэмдэг илрэхгүй, эсвэл хожуу илэрдэг байж болзошгүй талаар South china morning post сонинд мэдээллээ. Тодруулбал, 02 дугаар сарын сүүлч гэхэд БНХАУ-д шинжилгээгээр 43.000 хүн “Covid-19”-ийн халдвартай болох нь тогтоогдсон боловч тэдэнд өвчний шинж тэмдэг огт илрээгүй байна. Дээрх иргэдийг тусгаарлан ажигласан боловч албан ёсоор халдвар авсан иргэдийн тоонд бүртгээгүй байна. Энэ мэт халдвар авсан боловч шинж тэмдэг илрэхгүй байгаа хүмүүс уг вирусийн тархалтад ихээхэн нөлөөтэй тул халдвараас урьдчилан сэргийлэх тактикийг дахин харж үзэх шаардлагатай хэмээн уг сонинд бичжээ. Энэхүү мэдээлэл нь ДЭМБ-аас гаргасан шинж тэмдэггүй халдвар нийт халдварын 1-3 хувийг эзэлнэ гэсэн дүгнэлтийг эрс өөрчлөхөөр байна.

Түүнчлэн Уханиас ирсэн Япон иргэдийн дунд хийсэн тандалтаар “Covid-19”-ийн халдвартай нь тогтоогдсон иргэдийн 30.8 хувьд нь шинж тэмдэг илрээгүй байна. Харин БНСУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээр тус төвд бүртгэгдсэн халдварын 20 гаруй хувьд нь өвчний шинж тэмдэг илрээгүй байна. Мөн бага насны хүүхдүүдийн дунд шинж тэмдэггүй халдвар илүү өндөр хувьтай байх магадлалтай хэмээн Японы эрдэмтэн Нишиура “Халдварт өвчний талаарх олон улсын сэтгүүл”-д бичсэн нийтлэлдээ дурдсан байна. Мөн АНУ-ын Техасын Их сургуулийн судлаачид халдвар авсан боловч шинж тэмдэг илрэхгүй байгаа хүн нийт халдварын 10 хувийг тарааж байх магадлалтай хэмээн дүгнэсэн байна.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн олон нийтийн хэвлэл мэдээллийн газрын 03 дугаар сарын 21-ний өдрийн 14:00 цагийн мэдээгээр улсын хэмжээнд 18 мужид коронавирусийн өвчтэй байсан хүмүүсээс нийт 1000 плазмын дээж цуглуулж, 352.000 мл-ийг хадгалжээ. Эдгэрсэн нэг хүн дунджаар 2-3 өвчтөний эмчилгээнд ашиглаж болох плазм хандивласан байна. БНХАУ-ын Ухань хотын Биологийн хүрээлэнгийн захирал Дуан Кай хэлэхдээ “эдгэрсэн хүмүүсийн цуснаас авсан плазмыг өвчтөнүүдэд хийснээс хойш 48 цагийн дотор биен дэх нуклейн хүчлийн шинжилгээ сөрөг болж, бие нь сайжирч байна. Үрэвслийн гол үзүүлэлтүүд мэдэгдэхүйц буурч, лимфоцитын хэмжээ болон цусны хүчилтөрөгчийн ханалтын хэмжээ нэгэн зэрэг нэмэгдсэн нь эмчилгээ сөрөг нөлөөгүй бөгөөд үр дүнгээ өгч буйн илрэл юм” гэсэн байна.

Хятадын Үндэсний уламжлалт эмийн удирдлагын газраас 03 дугаар сарын 18-ны өдөр уламжлалт эмчилгээний хоргүйжүүлэх үрлийг эмнэлзүйн туршилтад оруулсны дараа коронавирусийн эмчилгээнд зөвшөөрөгдсөн анхны уламжлалт эмээр батламжилсан байна. Тус эм вирус устгах, дархлааг сайжруулах үйлчилгээтэй юм.

Сэтгэгдэл бичих