Коронавирусийн халдвар авсан хүмүүс өвчний шинж тэмдгийн тухай ярьж байна

     Америкийн Иллинойс муж улсын Чикаго хотын оршин суугч эмэгтэй коронавирусийн халдварын шинж тэмдгийн тухай ярьсан байна. Телевизийн “ ABC 7 Chicago” сувгийн сэтгүүлчид түүнтэй ярилцжээ. 

Дебра Вестфоллын зарим найз нөхөд COVID-19  коронавирус үнэхээр байдаг гэдэгт эргэлзэж байсныг тэр хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс түүнд ийм онош хэзээ тавьсныг Facebook-ээр мэдээлээд,  өвчний шинж тэмдгийн тухай өгүүлжээ.

“Би эхлээд халуураагүй учир, надад коронавирус байхгүй юм байна гэж бодсон. Гэвч өвчин тусчихсан байсныг одоо би яг мэдэж байна” гэж  түрүүнд нь хөхний хавдартай байсан  Вестфолл ярьжээ. 

“Миний бие тэр чигээрээ өвдөж, хоолны амтыг мэдэхээ больсон” гэж тэр бичсэн байна. Шинж тэмдэг арав орчим өдрийн дараа илэрснийг тэр мэдээлжээ. Одоо тэр тусгаарлагдаад байгаа гэнэ.

Facebook-т бичсэний дараа  найз нөхөд нь түүнийг дэмжих болсныг Вестфолл дурдсан байна. “Вирус бодитой байгааг би олон хүнд итгүүлсэн хэмээн бодож байна” гэж тэр хэлжээ.

Коронавирусийн өвчнөөр өвчлөөд эдгэрсэн Их Британийн нэг эмч өвчний шинж тэмдгийн тухай өмнө нь бас дэлгэрэнгүй ярьжээ.  Хуурай ханиалгаж, хоолой маш их өвдөж, дараа нь халуурч, тэгээд дагжин чичрэх болсноор  бүх зүйл эхлэсэн байна.

Мөн Америкийн Огайо муж улсын бас нэг оршин суугч  эмэгтэй  өвчний явц ямар байсан тухайгаа ярьжээ.  Телевизийн “Fox News” сувгаар энэ тухай мэдээлсэн байна.

48 настай Эми Дрисколл долоо орчим өдрийн өмнө өвчний эхний шинж тэмдгийг анзаарчээ. Түүнийг ажил дээрээ байхад халуурч, хүчтэй хий ханиалгаж, цээжин тус газраар нь өвдөх болсон байна.

Дараа өдөр нь түүний бие дахиад мууджээ. Дрисколлын хэлснээр, өглөө сэрэхэд зүрх нь маш хүчтэй дэлсэж байсан байна. “Цээжээр аймшигтай өвдөж байсан. Цээжин дээрээс дараад байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Өмнө нь ингэж байгаагүй” гэж эмэгтэй ярьжээ.

“Өвчний бүр эхэнд би түүний тухай ерөөс бодож байгаагүй, хийдэг ажлаа л хийгээд явж байлаа, харин арван цагийн дараа  миний бие үнэхээр муудаж, амьсгалахад хэцүү болж, тухайлбал гүнзгий амьсгал авахад бүр хэцүү байсан” гэж тэр ярьсан байна.

Тэр гэртээ эмчлүүлж байжээ. Хэдэн өдрийн дараа ханиалгахаа больж, халуун хэвийн болсон байна. Гэсэн ч, эмэгтэйн толгой өвдөж, бие нь их сульдаж  байжээ. “Шатаар өгсөж, уруудахад хэцүү. “Явж, дуртай ажлаа хий хэмээн тархи хэлж байх шиг мэдрэмж төрдөг. Гэвч босоод явах гэтэл, “Үгүй, бид үүнийг хийж чадахгүй нь” хэмээн бие хэлээд байх шиг санагддаг” гэж тэр ярьжээ.


Б.Атар

Сэтгэгдэл бичих