Дэлхий нийт коронавирусийн эсрэг дайны байдалтай байна


НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш пүрэв гарагт сэтгүүлчидтэй анх удаа онлайн хурал хийхдээ одоогийн дэлхий нийт коронавирусийн эсрэг дайны байдалд байна хэмээн  мэдэгджээ.

“Дэлхий ертөнц нийтийн дайсантай нүүр тулж байна. Бид уг вирустэй дайны байдалд байна. Бидний хариу арга хэмжээ авах чадамж нь хямралын өвөрмөц мөн чанарт, харин бидний өгөх хариулт түүний цар хүрээнд тохирох ёстой” гэдгийг Гутериш онцлон хэлсэн байна. Мөн тэрээр “Бид урьд өмнө нь тохиолдож байгаагүй нөхцөлд орсон бөгөөд ердийн дүрэм журмыг цаашид хэрэглэж болохгүй нь. Бид ийм өвөрмөц цаг үед стандарт аргуудыг хэрэглэж болохгүй” гэж тэмдэглэсэн байна.

Хурлын үеэр "Хамгийн чинээлэг орнуудад ч эрүүл мэндийн тогтолцоо нь хүчин мөхөсдөж байна. Хүний эрхийг бүрэн мөрдөх нөхцөлд их хэмжээний тестийн хэрэгсэл нийлүүлэх, эмнэлгийн барилга байгууламж барих, эмнэлгийн ажилтнуудыг дэмжих, түүнчилэн эмнэлгийн бүхий л шаардлагатай бараа таваарыг хүргэх одоогийн хэрэгцээг хангахын тулд  эрүүл мэндэд зориулсан зардлыг нэн даруй нэмэгдүүлэх хэрэгтэй” гэж тэр онцлон тэмдэглэжээ.

Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн уналт хөгжиж буй орнууд, эмэгтэйчүүд, хүүхэд багачуудыг илүүтэй хөндөх болно гэдгийг Гутерриш цохон заасан байна.

“Дэлхий нийтэд бид санхүүгийн бэрхшээлтэй тулгарч буй орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх талыг баримтладаг гэдгээ илтгэн харуулах ёстой. Олон улсын валютын сан, Дэлхийн банк болон олон улсын санхүүгийн байгууллагууд энд гол үүрэг гүйцэтгэдэг” гэж тэр хэлсэн байна.

Б.АТАР

Сэтгэгдэл бичих