МХЕГ: Хаагуур явснаа буруу мэдээлсэн тохиолдолд 50 мянган төгрөгөөр торгоно

МХЕГ-аас хилийн хяналт, шалгалтыг чангатгаж байгаа талаар мэдээлэл хийлээ. 

Хэвлэлийн хурлын эхэнд  МХЕГ-ын  Экспорт, импорт, хилийн хорио цээрийн газрын дарга Л.Дашмягмар:

-"Өчигдөр УОК хуралдаж, БНСУ, Япон улс руу үйлдэх нислэлийг хоёр талдаа хориглосон. Өчигдөр цаг агаарын нөхцөл байдлаас болж Японоос ирэх нислэг хойшилсон. Өнөөдөр үдээс хойш 258 зорчигчтой онгоц ирэх гэж байна. Энэ бол Японоос ирэх гэж байгаа хамгийн сүүлийн нислэг. Мөн Бангкокоос өнөөдөр өглөө нэг онгоц нисэж ирсэн. Үүнээс хойш түр хугацаанд нислэг байхгүй, хорьсон. Өвчний голомтот бүс нутгаас ирж байгаа зорчигдод хяналт тавих, тусгаарлах ажлыг хийж байна.  

Нийтдээ 3 нислэгээр ирсэн 31 зорчигчийг тусгаарласан. Үдээс хойш ирэх онгоцоор Солонгост байсан 38 зорчигч ирж байгаа гэсэн мэдээлэл байна.  ОХУ-ын авиа компаниудаас хоёр том нь л ОХУ-аас БНСУ руу нислэг үйлдэхээр болсон. Бусад жижиг нислэгийн компаниуд нь нислэгээ зогсоосон. Учир нь жижиг авиа компанийн онгоцоор БНСУ-д байсан иргэд дамжиж бусад орон руу явж байгаа.  Тийм учраас  ОХУ-тай хиллэж байгаа хилийн боомтуудад хяналт шалгалтыг чангатгаж байна. Тухайлбал, Баян-Өлгийн болон Алтанбулаг, Дорнодын Эрээнцэвын боомтод хяналт шалгалтыг илүү чатгатгаж, хянаж байгаа" хэмээлээ. 

Тэгвэл МХЕГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар "МХЕГ-ын хяналт, өндөржүүлсэн бэлэн байдал нэгдүгээр сарын 6-ы өдрөөс эхэлсэн. Тэгвэл өнөөдрийг хүртэл Монгол Улсад 225 агаарын хөлөг буусан. Агаарын хөлгөөр 38 мянган зорчигч ирсэн байна. Төмөр замаар 105 мянган зорчигч Монголд орж ирсэн байгаа.  Нэгдүгээр сарын 6-аас хоёрдугаар сарын 27-ны өдрийн хооронд нийтдээ 30578 тээврийн хэрэгсэл, 136807 зорчигч орж ирснээс 161 тохиолдлыг хилийн боомтоор илрүүлсэн байгаа.  Үүний 130-ыг нь Буянт-Ухаа боомтынхон илрүүлж, хяналтад авсан. 

Өнгөрсөн хугацаанд 15 хүнийг буцаасан. БНХАУ, ОХУ-ын иргэд байсан. Өнөөдөр өглөөний ирсэн нислэгүүд нэлээд ачаалалтай байлаа. 30 сэжигтэй хүнийг тусгаарлаж, ХӨСҮТ-д хүлээлгэж өгсөн. Тухайлбал, Бангкок-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 136 зорчигч ирсэн. Үүнийг 115 нь монгол, 21 нь гадаад иргэн байсан.  Үүнээс бид хяналт шинжилгээ хийгээд, нийтдээ 15 хүнийг тусгаарласан.  Түр тусгаарлахдаа бид хилийн боомт дээрээ эхэлж халууныг нь шалгаж, асуумж авна. Явсан газруудын асуумжийг аваад, түр эрсдэлийн үнэлгээ хийгээд, шаардлагатай тохиолдолд ХӨСҮТ-ийнхнийг дууддаг. 

ХӨСҮТ-ийн баг ирж нарийвчилсан шинжилгээ хийгээд, АНУ-аас ирсэн 7,  Сингапур явсан Монголын 6, Сөүлээр дамжсан хоёр иргэнийг тусгаарласан. Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 14 хүнийг мөн тусгаарласан.  Италиас ирсэн 11, Солонгосоор дамжсан 3 хүн байгаа. Хамгийн сүүлд нь Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр нэг иргэнийг хяналтад авсан. Энэ хүн Солонгост очиж, Сөүлээр явсан юм билээ. Ийнхүү нийтдээ 31 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна. 

Түүнээс гадна, Солонгосоос ирж байгаа Монгол болон Солонгосын иргэд ОХУ-аар дамжиж, Алтанбулагийн боомтоор дамжиж орж ирэх гэж байна гэсэн мэдээлэл бий. Тэр дагуу бид хяналтаа тавьж, ажиллана.  Сүүлийн үед иргэд хаанаас ирж байгаагаа нуух тохиолдол байна. Тиймээс Эрүүл мэндийн асуумжид өөрчлөлт оруулж, хаагуур явснаа буруу мэдээлбэл Зөрчлийн хуулиар хариуцлага тооцохоор болсон.  Өөрөөр хэлбэл, худлаа мэдээлэл өгвөл 50 мянган төгрөгөөр торгоно.  Зөвхөн нэг хүний буруутай үйлдлээс болж маш том эрсдэл үүсэж байна.  Тиймээс иргэд мэдээллээ үнэн зөв өгөхийг сануулъя" хэмээлээ.


Сэтгэгдэл бичих