"Санитол" үйлдвэрлэх нөөцийн асуудлыг шийдвэрлэв

Монголдоо төдийгүй гадаадад олон нэр төрлийн ариутгал халдваргүйжүүлэлтийн болон билогийн идэвхт эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг "Монхимо" үйлдвэрийнхэнтэй нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан уулзаж, Багануур дүүрэг дэх тус үйлдвэрч очиж ажиллав.

Гамшиг эрсдлийн өндөржүүлсэн бэлэн байдалтай байгаа энэ үед тус үйлдвэрийн гол бүтээгдэхүүн болох гар ариутган халдваргүйжүүлэгч гель "Санитол"-ыг үйлдвэрлэхээр гурван ээлжээр 24 цагаар ажиллан, бүтээгдэхүүнээ нэн шаардлагатай газруудад нийлүүлж байгаа гэнэ.

Өдөрт 3-5 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай ч уг бүтээгдэхүүний түүхий эд болох хүнсний зориулалттай спиртийн нөөц хомсдож байгааг үйлдвэрийн захирал М.Ариунаа хотын даргад хэллээ. Хотын дарга энэ талаар "АПУ" ХК-ий удирдлагуудтай тэр даруй утсаар ярьж, үдээс хойш гэхэд "АПУ" ХК гурван тонн хүнсний спиртийг "Монхимо" эмийн үйлдвэрт нийлүүлэхээр болсон байна.

"Монхимо" эмийн үйлдвэрийн захирал М.Ариунаа бүтээгдэхүүний нөөцийг шийдсэн хотын даргад талархлаа илэрхийлээд үйлдвэрийнхээ лабораторид туршиж буй шинэ бүтээгдэхүүний талаарх мэдээллээ хүргэлээ. Туршиж буй бүтээгдэхүүнүүд нь бүгд БНСУ-ын техник технологиор туршигдан үйлдвэрлэхэд бэлэн болооод байгаа аж.

Хотын захирагч С.Амарсайхан "Гамшиг эрсдэлтэй байгаа өнөө цагт нийгмийн хариуцлагаа ухамсарлан хүн ардынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа танай хамт олонд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархаж байна. Агаарын бохирдол, түүхий нүүрсний хэрэглээтэй холбоотойгоор танай лабораторид туршилт, судалгаа хийгдэн үйлдвэрлдэхэд бэлэн болоод байгаа эдгээр бүтээгдэхүүнийг нийслэлийн зүгээс ямагт дэмжиж ажиллана" гэдгээ илэрхийлэв.

Сэтгэгдэл бичих