Хятадад коронавирусийг эмчлэхэд тустай эмийг бүртгэжээ

Хятадын эрүүл  мэндийн яам шинэ төрлийн COVID-19 вирусийн тархалттай тэмцэхэд үр дүнтэй эмийн жагсаалтад зөвлөлтийн вирусийн эсрэг “Арбидол” эмийг оруулсныг хэвлэлд бичсэн байна. 

Энэ эм  коронавирусийг эмчлэх үндэсний хөтөлбөрийн зургаа дахь хувилбарт хоёрдугаар сарын 18-нд нийтлэгдсэн Эрүүл мэндийн яамны жагсаалтад оржээ. 

“Велл” сайтад бичсэнээр, шинэ халдварын эсрэг үр нөлөөтэй эм бэлдмэл байхгүй байгааг Хятадын эрүүл мэндийн байгууллага өмнө нь тэмдэглэж байсан юм.  Харин одоо “Арбидол”-ын зэрэгцээ бас гурван эм  уг жагсаалтад орж, гэхдээ сүүлчийн эмүүдийг цаашид турших шаардлагатай гэж үзсэн байна.

“Арбидол” эмийг өнгөрсөн зууны 70-аад онд Зөвлөлт Холбоот Улсад хийжээ. Өнөөдөр ОХУ-д уг эмийг “Отисифарма” заводад үйлдвэрлэдэг байна.

“Арбидол” эм бага судлагдсан бөгөөд түүний хүнд үзүүлэх нөлөөний механизм бүрэн тодорхой бус, вирусийг эмчлэх клиникийн үр дүн нь нотлогдоогүй гэж уг эмийг шүүмжлэгчид  мэдэгддэг байна.

Гэсэн ч, энэ эм Орост хамгийн чухал шаардлагатай эмийн тоонд ордог байна.

“Арбидол”-ыг үйлдвэрлэх патентын хугацаа бүр 2007 онд дууссан ажээ.  Гэвч үүнийг Хятадын эмийн зургаан томхон компанид үйлдвэрлэдэг  байна. 

Энэ эм үр дүнтэй байж болохыг Жэзянийн их сургуулийн эрдэмтэд анх мэдээлжээ. “Арбидол” нь  анхдагч туршилтын дүнгээрээ вирусийн хуваагдлыг 60 дахин удаашруулж чаддагаас гадна,  коронавирусийн хүний биеийн эсэд үзүүүлдэг хортой нөлөөг бууруулдаг гэж тэд хэлсэн байна. 

Б.Атар

Сэтгэгдэл бичих