Бар ресторанууд цаг хэтрүүлж, PC тоглоомын газрууд ажиллаж байжээ

Улаанбаатар хотын дарга С.Амарсайханы захирамжаар кинотеатруудыг хааж, баар, кафег 00:00 цаг хүртэл ажиллуулахаар цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Нэгдүгээр сарын 27-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн уг шийдвэрийн хүрээнд цагдаагийн байгууллагаас бар, ресторан, PC тоглоомын газруудад хийсэн шалгалтаар нийт 81 зөрчил илрүүлжээ.

Нийт 82 аж ахуйн нэгжээс 52 нь бар, цэнгээний газрууд цаг хэтрүүлэн ажилласан бол PC тоглоомын газрууд нууцаар үйл ажиллагаа явуулж байсан аж. Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хар Алмаз” төвийн таван давхарт байрлах цахим тоглоомын газар нууцаар ажиллаж байжээ. Мөн Сүхбаатар дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг MB цахим тоглоомын газар үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчил гарсан байна.

Зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу 250 хүртэлх нэгжтэй тэнцэх мөнгөн дүнгээр торгох арга хэмжээ авсан байна.