МХБ: 19 хувьцаат компани ногдол ашиг тараахаа мэдэгдсэн

МХБ-д бүртгэлтэй хувьцаат компаниудаас одоогоор 19 нь 2019 оны цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахаа мэдээлээд байна.

I дүгээр ангилалд бүртгэлтэй “Ард Даатгал” хувьцаат компани 2019 оны цэвэр ашгаас 49.45 хувийг буюу 850 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ VI сарын 30-ны өдрийн дотор ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэлээ. Ингэхдээ нэгж хувьцаанд 34 төгрөг тооцсон байна. Мөн “Ард санхүүгийн нэгдэл” ХК 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 34.95 төгрөг тооцон, нийт нэг тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэлээ. Ногдол ашиг авах эрхтэй нэрсийн жагсаалтыг IV сарын 7-ны өдрөөр тогтоож, IV сарын 30-ны өдрийн дотор хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Харин “Улаанбаатар хивс” ХК 2019 оны цэвэр ашгийн 40.6 хувь буюу 121.4 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараана. Нэгж хувьцаанд 300 төгрөг тооцож байна. Ногдол ашиг авах эрхтэй нэрсийн жагсаалтыг III сарын 6-ны өдрөөр танилцуулж, V сарын 1-15-ны өдрийн хооронд хувьцаа эзэмшигчдэд олгоно.

Тэгвэл Хөрөнгийн биржийнII ангилалд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг “Тахько”” ХК 2019 онд 128.5 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар тогтлоо. Нэгж хувьцаанд 108 төгрөг тооцсон.Ногдол ашиг авах эрхтэй нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, V сарын 1-ний өдрийн дотор олгохоор болжээ.

"Талх чихэр” ХК-ийн ТУЗ-өөс 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 225 төгрөг тооцон, нийт 230.3 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэжээ. Энэ нь компанийн 2019 онд олсон 2.4 тэрбум төгрөгийн цэвэр ашгийнх нь 9.6 хувьтай дүйж байна. Ногдол ашиг авах эрхтэй нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, VI сарын 20-ны өдрөөс тараах юм байна. 2019 онд 5.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан “Мандал даатгал” ХК нэгж хувьцаандаа дөрвөн төгрөг буюу нийт 2.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэнээ мэдээллээ. Ногдол ашиг авах эрхтэй нэрсийн жагсаалтыг энэ оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдөр гаргаж, VI сарын 30-ны өдрийн дотор тараахаар болсныг МХБ мэдээллээ. Компаниуд ногдол ашиг тараахдаа Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулах юм.