УОК: Цагаан сарын өдрүүдэд улс, хот хоорондын тээврийг зогсооно

Улсын онцгой комиссын хуралдаанаар хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-наас 27-ныг хүртэл зогсоохоор боллоо. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 13 аймгийн онцгой комиссын даргаас цагаан сарын битүүний өдрөөс эхлэн шинийн гурван хүртэл Улаанбаатар хот болон, аймгуудаас орох гарах хөдөлгөөнийг хаах санал гаргасан байна.

Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин "БНХАУ-ын хаврын баярын үеэр 84 сая орчим хүн шилжилт хөдөлгөөн хийсэн нь тус улсын бүх муж болон бусад улсад тархан халдвар авсан тохиолдол 34 хувиар нэмэгдэх нөхцөл болсныг тогтоосон. Нийт 13 аймгийн онцгой комиссын даргаас ирүүлсэн саналын дагуу уг асуудлыг хэлэлцэж орон нутгийн замын хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 27-ны өдрийг хүртэл хот, хоорондын зорчигч тээврийг зогсоохоор боллоо. Ингэхдээ нислэг хамаарахгүй автобус, галт тэрэг, автомашинаар Улаанбаатараас орох, гарах, аймгуудаас орох гарах хөдөлгөөнийг зогсоож байна" гэлээ.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал "Зам хаах шийдвэр гарсантай холбоотойгоор хулгайн замаар гарч энд тэнд цасанд суугаад өөрийгөө хамт яваа хүмүүсийнхээ амь насанд эрсдэл учруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулсан. Иймд хулгайн замаар зорчихгүй байхыг анхааруулж байна" гэсэн юм.

Сэтгэгдэл бичих