Ё.Баатарбилэг: ЕБС-ийн сурагчид дөрөв, тавдугаар сарын бүх бямба гарагт хичээллэнэ

Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хорионы дэглэмийг гуравдугаар сарын 30 хүртэл сунгах шийдвэр гаргаад байгаа билээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Хөл хорионы үеийн хичээл сургалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд багш, сурагч, эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа чухал байна. Бүх хичээл дохионы хэлээр давхар явж байгаа. Өнгөрсөн хугацааны зардлыг салбарын сайдын багцаас гаргасан. Багш нар авах ёстой цалингаа авч байгаа. Хөл хориог дөрвөн долоо хоногоор сунгах болсон. Ямар ч байсан их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хойшлуулахгүй. Бид гуравдугаар улирлын амралтыг цуцалж байна. Дээр нь дөрөв, тавдугаар сарын бүх бямба гарагт хичээллэнэ. Мөн теле хичээлийг үргэлжлүүлнэ. Цагаан сарын өдрүүдэд монгол ёс заншил, иргэний боловсролын хичээл орно. Зургадугаар сарын 15-н гэхэд элсэлтийн ерөнхий шалгалт, элсэлтийг дуусгана. 1-5 дугаар сангийн сурагчид зургаадугаар сарын 1-нд, 6-12 дугаар ангийн сурагчид зургаан сарын 8-ны өдөр амарна. Зургаадугаар сарын 15 гэхэд бүх ЭЕШ дууссан байна” хэмээн мэдээлэл өглөө.

ОДООГИЙН БАЙДЛААР ТӨСВӨӨС 92 САЯ ТӨГРӨГИЙН ЗАРДАЛ ГАРААД БАЙНА

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Сурагчдийн теле хичээлийн үр дүнгийг яаж гаргах вэ?

-Анх удаа ийм урт хугацаанд телевизээр сургалт явуулж байна. Хүүхдүүдийн хичээл сургалтын явцыг дүгнэх хийгээд энэ хугацаанд сурсан зүйлсийг хэрхэн дүгнэх чиглэлээр зөвлөмж хүргэсэн. Хичээл эхэлсэн эхний долоо хоногт бататгах хичээлийг явуулна. Бага ангийн хүүхдүүдийн хувьд хүндрэлтэй учир бататгах, агуулгын хоцрогдол арилгах чиглэлээр хүүхэд бүртэй ажиллах шаардлага гарна. Тиймээс эцэг эх, багш нарын хамтын ажиллагаа зайлшгүй чухал. Хүүхдүүдэд өндөр ачаалал ирнэ, багш нарт ч мөн адил. Гэрийн даалгавар гэсэн их өгнө. Тиймээс эцэг эхчүүд хамтарч ажиллахаас өөр аргагүй тул төвөгшөөж цааргалалгүй дэмжин ажиллаасай гэж хүсэж байна.Энэ бүх зохицуулалт, хүчин чармайлт хүүхэд багачуудын төлөө тул эцэг эхчүүд дэмжин ажиллах шаардлагатай байна.

-Теле хичээлийн 18 сувгаар гарч байгаа. Төлөвлөгдөөгүй зардал хэр их гарч байна вэ?

-Хичээлийн хугацаа 20 минут байгаа талаар зарим иргэн шүүмжилж байгаа бөгөөд хичээлийн 40 минутын 15-20 минут нь багшийн заах хичээл байдаг тул үүнд нь тохируулсан. Телевизийн хичээлийн үйл ажиллагаатай холбоотой гарч буй зардлыг салбарын сайдын багцаас шийдвэрлэж байна. Хөл хорио тогтоосон хугацаанд теле хичээл болон бусад шаардлагатай зардлыг хэмнэгдэж буй хөрөнгөөс гаргаж байгаа бөгөөд одоогийн байдлаар төсвөөс 92 сая төгрөгийн зардал гараад байна. Хэвлэл мэдээллийн байгууллага мөнгө төгрөг авахгүй, санхүүгийн хүндрэл гаргахгүйгээр бидний үйл ажиллагааг дэмжиж ажилласан.

Сэтгэгдэл бичих