“Хилийн боомтоор нэвтрэхийг завдсан 15 сэжигтэй тохиолдлыг буцаасан”

Шинэ коронавирүсийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийж буй хяналт шалгалтын  асуудлаар өнөөдөр /2020.02.19/ Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэл хийлээ.


 “ХИЛИЙН БООМТУУДААР НЭВТРЭХ ГЭЖ БАЙСАН 15 СЭЖИГТЭЙ ТОХИОЛДЛЫГ БУЦААСАН”

Хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Т.Төмөрбаатар мэдээлэл өгөхдөө “Монгол Улсын хил дээр байнгын хяналт хийж байдаг. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс нэгдүгээр сарын 6-наас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж,  нийтдээ 100 сэжигтэй тохиолдлыг Хилийн мэргэжлийн хяналтын хэлтэс дээр илрүүлсэн. Үүний 73 тохиолдол нь “Буянт-Ухаа” боомтод, таван тохиолдол Дорнод аймгийн Баянхошуу боомт, гурав нь Хавиргын боомт, 12 тохиолдол Гашуунсухайт боомт, долоон тохиолдлыг Замын-Үүдийн боомт дээр илрүүлсэн. Сэжигтэй тохиолдлыг илрүүлэхэд мэргэжлийн ур чадвар шаарддаг. Тухайн байцаагчийн ажиглалтын арга болон халуун илрүүлэх багажаар хэмждэг.

Саяхан хоёрдугаар сарын 16-нд ДЭМБ-ын хил дээр нэвтрүүлэх арга хэмжээний зөвлөмж гарсан. Уг шинэ зөвлөмжид хяналт тавьж ажиллаж буй байцаагчийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах асуудлыг тусгасан байна. Монгол Улсын хувьд хил дээр ажиллаж байгаа 83 хяналтын байцаагч халдвар авах өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Хэрвээ нөхцөл байдал хүндэрвэл хилийн боомтууд дээр ажиллах хүмүүсийн нэрсийг батлаад байгаа. Мөн хилийн боомтоор нэвтрэх гэж ирсэн 15 сэжигтэй тохиолдлыг буцаасан. Тодруулбал, Замын-Үүд боомтоор хоёр, “Буянт-Ухаа” боомтоор орж ирэхийг завдсан БНХАУ-ын нэг иргэнийг нутаг буцаасан. Бусад хилийн боомтууд дээр 12 хүнийг буцаасан” гэв.

Мөн БНХАУ-аар дамжин өнгөрч тээвэрлэлт хийсэн тээврийн хэрэгслийг ариутгах ажлыг хийж байна. Энэ ажлын хүрээнд нийтдээ 1470 тонн чингэлэг 61 вагонд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, хяналт тавьж ажиллажээ.

“ИЛ ЗАДГАЙ ХУДАЛДАА ХИЙВЭЛ 50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО”

Энэ үеэр Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Түмэнжаргал мэдээлэхдээ “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлийг тушаал, шийдвэрүүдэд тодорхой тусгаад байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд 3200 гаруй худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийлээ. Уг шалгалтын явцад нийт 3700 гаруй зөрчил илрүүлснээр 66 хувийг нь газар дээр нь арилгуулах арга хэмжээг авсан. Үлдсэн зөрчилд албан шаардлага хүргүүлж, үүрэг даалгавар өгсөн.

Хяналт шалгалтын явцад чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй гарал үүсэл нь тодорхойгүй нийт 80 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг устгалын комисст шилжүүлсэн. Мөн 60 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг татан авалт хийлгэсэн. Үндсэндээ нийт 140 сая гаруй төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлээс татан эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж ажиллалаа. Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолыг үндэслэн сар шинийн баярт зориулан гаргасан үзэсгэлэн худалдааг таслан зогсоож, улсын хэмжээнд 20 гаруй үзэсгэлэн худалдааг зогсоосон. Мөн сурталчилгааны 130 гаруй самбарыг буулгаад байна. Үзэсгэлэн худалдааг зогсоосонтой холбоотойгоор гадуур ил задгай худалдаа ихсэх хандлагатай байна. Ялангуяа томоохон худалдааны төвийн гадна талбайд иргэд олноор ил задгай худалдаа эрхлэх болсон. Өнөөдрийн байдлаар нийт 294 ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг таслан зогсоогоод байна. Эдгээр иргэдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнд 50 мянган төгрөгийн торгууль тавьж байгаа.

Хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ, нөөцийн асуудалд салбар яам болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хяналт тавьж ажиллаж байгаа. Яамны мэдээллээр хүнсний нөөцийн хомсдолд орох хэмжээний нөхцөл үүсээгүй гэдгийг хэлж байна. Манай байгууллагаас хяналт шалгалт хийхэд ийм нөхцөл байдал ажиглагдахгүй байгаа. Бид хүнсний чанар, аюулгүй байдлыг хангах чиглэлээр л хяналтаа тавьж ажилладаг” гэлээ.

“БЭЛЭН БАЙДАЛ ХАНГАГДААГҮЙ 24 ЭМНЭЛЭГТ АЛБАН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН”

“БНХАУ-д гарсан шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт 129, хилийн Мэргэжлийн хяналтын албадад 83 эрүүл ахуйн халдвар хамгааллын улсын байцаагч ажиллаж байна. Энэ хугацаанд манай байгууллагаас давхардсан тоогоор 79 төрлийн зөвлөмж, 44 төрлийн сэрэмжлүүлэг боловсруулж, 4211 аж ахуйн нэгж байгууллага, цахим сүлжээгээр түгээгээд байна. Мөн 180 эрүүл мэндийн байгууллагад хяналт шалгалт хийж, бэлэн байдал хангагдаагүй 24 эмнэлэгт албан шаардлага, зөвлөмжийг хүргүүлсэн” талаар Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд онцлов.


Сэтгэгдэл бичих