Иргэн А.Цэрэнбат: 200 гаруй иргэн нэгдэж ЗТЯ-ыг шүүхэд өгч байна

Дарханы зам там болж иргэдийг хохироож байгаа талаар иргэн А.Цэрэнбат тэргүүтэй хүмүүс идэвхтэй ажиллаж эхлээд байгаа.  Тэгвэл тэд хохирогчдод нөхөн төлбөр гаргуулах асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

А.Цэрэнбат “Дарханы замын ашиглалтад орох хугацаа яг хэзээ эсэх нь тодорхойгүй. Зарим хүмүүс хуулийн цоорхойтой тушаал гаргаад зугатаж байна. Хууль тодорхой цаг хугацаатай байх ёстой. Тодорхойгүй байдлаас болж иргэд хохироод байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь өдөрт дунджаар 5800 тээврийн хэрэгсэл. Харин амралт зугаалгын үеэр 12.300 тээврийн хэрэгсэл зорчин өнгөрдөг. Надтай адил маргаан үүсгэх хүсэлтэй 200 гаруй хүн долоо хоногийн дотор нэгдсэн. Төр засаг ард иргэдээсээ уучлал гуйх хэрэгтэй. Дархны зам нь өөрөө муу юм шиг үзэх юм. Гэтэл энэ бол зам муугийнх биш замын менежментийг буруу хийсэн учраас муу болсон. Дарханы замын улмаас иргэд 500 мянгаас 40 сая төгрөгийн хохирол амссаар байна. Зам тээврийн яам буруу менежменттэй ажилласныг шүүхээр тогтоолгохоор гурван өмгөөлөгч энэ асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна. Дарханы замд явахдаа хохирсон иргэд нэгдэж, нөхөн төлбөр гаргуулахаар тэмцэх хэрэгтэй гэдгийг уриалсан” юм.

Түүнчлэн зам хааж түр замаар зорчуулсан дөрвөн сарын хугацаанд 16 хүн амь насаа алдаж, 70 орчим хүн гэмтэл, бэртэл авч, маш олон иргэд эд хөрөнгө, машин, техникээр хохирсон. Тэд одоо үргэлжилж буй энэ байдлыг таслан зогсоохоор хийж болох бүхий л алхмыг авах тухайгаа онцолсон юм.

Тэдний зүгээс иргэдэд дараах зүйлсийг анхааруулж байна. Үүнд:

  • Замд өөрийн өмч хөрөнгөөрөө хохирсон тохиолдолд цаг тухайд нь бичлэг хийх, зураг авч баримтжуулах.
  • Эвдрэлийн улмаас сэлбэг, хэрэгсэл авсан бол үнэ төлбөр бүхий санхүүгийн баримтыг авч үлдэх
  • Хурдаа тохируулан болгоомжтой зорчих
  • Осолд орсон хэн нэгэнд анхан шатны тусламж үзүүлэх

​Түүнчлэн хуулинд заасны дагуу Засгийн газар, Зам тээвэр хөгжлийн яам дарханы замын засварын ажлыг хариуцаж байгаа тул бид бүхэн иргэдэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, уучлал гуйлгах, хариуцлага алдсан албан тушаалтанд хуулийн хариуцлага хүлээлгэх хүртэл ажиллах болно гэдгээ мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл бичих