АНУ-ын Чикаго хотод Консулын газар нээх шаардлагатай гэж үзжээ

Монгол Улсаас Америкийн нэгдсэн улсад амьдрах, оршин суух иргэдийн тоо жилээс жилд өссөөр байна. Сүүлийн статистик мэдээллээр 30000 орчим Монгол Улсын иргэн  АНУ-д оршин сууж байгаагаас 10 мянга орчим нь тэнд суралцаж байгаа аж. Харин АНУ-ын иргэн болсон 3058, АНУ-д хууль ёсоор оршин суух зөвшөөрөл авсан 10214, улс төрийн орогнол авсан 1252, сугалаа хожсон 1065, АНУ-д цагаачилсан 3500 гаруй иргэн байна гэж статистик гарсан байна.

Монгол Улсын иргэдийг АНУ-д амьдарч байгаа байршлаар нь харвал тус улсын зүүн эргийн Вашигтон хот орчимд 6000, төвийн бүсийн Чикаго хот орчимд 8000, баруун эргийн Лос Анжелес орчимд 2000, Сан Францискод 4000, Сиатльд 1500 орчим иргэн оршин суудаг байна. АНУ-ын зүүн болон баруун эрэг орчимд амьдарч байгаа монгол иргэдэд консулын үйлчилгээ хүрч байгаа боловч АНУ-ын төвийн бүс буюу Чикаго хот орчимд оршин суушаа иргэдэд Консулын үйлчилгээг ойртуулах шаардлага байна гэж Гадаад харилцааны яам үзжээ. Тус хот нь АНУ-ын нийслэл Вашигтон хотоос 1600 км-ин зайд оршдог учраас  иргэн бүрт үйлчлэхэд хүндрэлтэй байдаг аж. 

АНУ дахь монгол иргэд Чикаго хотод ихээр суурьших болсон нь ажлын байрны олдоц сайн, амьжиргааны өртөг харьцангуй бага, байрны түрээс хямд байгаатай холбоотой аж. Мөн Иллинойс мужийн нийгмийн халамжийн ээлтэй бодлого буюу шинээр төрсөн хүүхдийг даатгалд хамруулж, 16 нас хүртэл нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг байна. Монгол иргэд тус хотод үйл ажиллагаа явуулдаг гаднын компаниудад олноор ажиллахын зэрэгцээ ачаа тээвэр, гоо сайхан, барилгын чиглэлээр өөрсдийн бизнесээ явуулах болжээ. Чикаго хотод монгол иргэдийн 50 орчим компани, гурван монгол сургууль үйл ажиллагаа явуулдаг байна. Цаашдаа улам өргөжин бэхжих хандлагатай байгаа ажээ. Тиймээс АНУ-ын худалдаа, эдийн засаг, банк санхүү, аялал жуулчлалын томоохон төв, 8000 орчим монгол иргэд оршин суудаг Чикаго хотод Консулын газар нээх нь хоёр орны харилцааг хөгжүүүлэх, төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулах, иргэнийхээ эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм байна.

АНУ-ын Сан Франциско хот дахь Монголын Консулын газар долоон орон тоотой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд гурван орон тоог нь Чикаго хотод нээх Консулын газарт шилжүүлэн ажиллуулахаар төлөвлөжээ. Ингэснээр улсын төсвөөс нэмэлт зардал гаргахгүйгээр шинээр нээх Консулын газрын төсвийг шийдэх аж. Уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн бөгөөд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр болжээ.

Сэтгэгдэл бичих