Х.Булгантуяа: Монгол Улсад нэг ч өвчлөл бүртгэгдээгүй байхад зээлийн хүүг түр зогсоох талаар ярих хэрэггүй

Сангийн дэд сайд Х.Булгантуяагаас коронавирустэй холбоотойгоор эдийн засагт гарах өөрчлөлт болон болон бусад асуудлаар тодруулга авлаа. 

-Коронавирустэй холбоотойгоор Монгол Улсын эдийн засаг хэрхэн өөрчлөгдөхөөр байна вэ. 2020 оны нэгдүгээр сарын байдлаар экспортын хэмжээ буурсан байсан?

-Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор Европ тивд, Америкт, бүс нутагт ч гэсэн эдийн засаг амаргүй байх төлөвтэй байна. Монгол Улсын хувьд өнгөрсөн оны нэгдүгээр сартай харьцуулахад, төсвийн орлого багассан тоон үзүүлэлттэй байгаа. Гэхдээ төсвийн тодотгол хийх хэмжээнд хүрэх үү, үгүй гэдгийг тодорхой үзүүлэлтээр хэмждэг. Төсвийн орлого тасарсан, зарлага хэтэрхий их байх үед тодотгол хийх ёстой байдаг. Нэгдүгээр улирлын төсвийн гүйцэтгэлүүдийн тоо нэгтгэгдэж гараагүй байгаа учраас тодотгол хийхээр болчихсон гэж хэлэхэд хэцүү байна. 

-Ханбогд сумын Засаг дарга “Оюутолгой” компанийн удирдлагуудад хандаж, зэсийн баяжмал гаргахаа зогсоогооч гэсэн шаардлага хүргүүлсэн. Гэвч Засгийн газар чинь шийднэ гэдэг хариулт өгсөн гэх юм. Энэ асуудлаар Засгийн газар ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ асуудлыг Монгол Улсын Засгийн газар шийднэ гэхээсээ илүүтэй "Оюутолгой" олон улсын хэмжээний том компани учраас өөрсдийнх нь дүрэм, журамд ямар тохиолдолд үйл ажиллагаагаа хумих, зогсоох вэ гэдэг нь тодорхой заагдсан байдаг юм билээ. Гоц халдвартай үед яаж ажиллах журам ч байдаг гэсэн. Тэр журмаа л барьж ажиллах байх. 

-Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ямар ажил хийж байгаа вэ. Хятад улс аль хэдийнэ арга хэмжээ аваад эхэлчихлээ шүү дээ. Эдийн засагт нөлөөлөх сөрөг нөлөөг урьдчилан тооцоод, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл шийдвэр гаргах ёстой биз дээ?

-Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл эхний ээлжинд мэдээллүүдээ нэгтгээд, холбогдох бүхий л байгууллагуудад үүрэг, даалгавар өгсөн. Маргааш Засгийн газрын хуралдаанаар эдийн засаг, төсөвт учирч буй дарамт, хохирлын талаар танилцуулахаар болоод байна.   Хятад улсын хувьд өвчлөл гарсан голомт учраас хүндээр тусаж байгаа нь үнэн. Тиймээс Засгийн газрын зүгээс банкуудаараа дамжуулаад 50 тэрбум ам.долларын санхүүжилтийг ч хийгээд байна. 11 сая хүнтэй хот гэхэд л тэг зогсолт хийсэн. Эдийн засгийн ямар ч үйл ажиллагаа явагдахгүй байна гэсэн үг. Дээрээс нь нэмээд бусад хотууд ч гэсэн, эрүүл мэндийн салбараа дэмжих, эдийн засгаа идэвхжүүлэхийн тулд хөнгөлөлттэй зээл хүртэл олгож эхэлсэн.  

Манай Засгийн газрын зүгээс орлого, зарлага яахаар байна. Иргэдийн орлого буурсан уу, зээлийн нөхцөл нь хүндэрч байна уу, үгүй юу. Цаашид урт хугацаанд өвчлөл үргэлжилбэл яах вэ гэдэг чиглэлээр мэдээлэл хийхийг үүрэг болгосон. Маргааш энэ асуудлуудаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийнэ. 

-Эдийн засагчид төсвөө тодотгох хэрэгтэй гээд байдаг. Сангийн сайд Азийн хөгжлийн банкнаас мөнгө гуйгаад явж байна. Түүний оронд төсвийн зарлагаа танаж, мөнгө гаргаж аваач гэсэн шүүмжлэл ч гарсан. Энэ талаар та ямар тайлбар хэлэх вэ?

-Төсвийн тухай хуулиар төсөв тодотгох тодорхой нөхцлүүд бий. Хоёрдугаар сар дөнгөж л дундаа орж байгаа энэ цаг үед яаран төсөв тодотгох талаар ярихад эрт байна. Нэгдүгээр сард угаасаа экспорт харьцангуй бага байдаг. Томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт ч удаашралтай байдаг учраас нэгдүгээр улиралд төсвийн орлого бага байдаг юм. Нөхцөл байдлыг харах шаардлага байгаа юу гэвэл тийм.  Цаашид нөхцөл байдал энэ хэвээрээ үргэлжилбэл яах вэ гэдгийг л бид нухацтай ярих ёстой.

-Зээлийн хүүг түр зогсоох ч юм уу, бууруулах боломж бий юү?

-Зээл авсан иргэд хувь аж ахуй нэгжтэй гэрээ хийж авсан. Хэрвээ онцгой нөхцөл байдал удаан үргэлжилбэл яригдах ёстой асуудал. Одоогоор бол Монгол Улсад нэг ч өвчлөл бүртгэгдээгүй байна. Бид аль болох цалин, тэтгэвэр тэтгэмжийг цаг хугацаанд нь тавиад явж байна. Хэрвээ бид эдийн засгийг тэр чигт нь царцаагаад зогсоочихвол үүнийгээ дагаад бүхий л байгууллага хүндрэлд орно гэсэн үг. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг ямархуу нөхцөл байдалд байгаа билээ. Төсөв рүү орж ирж байгаа орлого гацчихсан нөхцөл байдалтай байгаа ч бид цалин, тэтгэвэр тэтгэмж, халамжуудыг аль болох тасалдуулахгүй байх  тал дээр Засгийн газар ажиллаж байна. Хятад улсад хүртэл өнөөдөр иргэдийнхээ зээлийг тэглэх арга хэмжээ аваагүй байгаа. Түрүүлж бид иргэн, аж ахуйн нэгж хоёрын хооронд амлалт өгч, иргэдийн зээлийг төр авна гэж хэлж болохгүй. Хэрвээ иргэдийн зээлийг чөлөөлнө гэвэл бид татвар төлөгчдийн мөнгөөр л тэглэнэ. Маш олон төрлийн зээл байгаа. Энэ олон төрлийн зээлийг төр тэглэнэ гэдгийг татвар төлөгчид зөвшөөрөх үү.

 zaluu.com

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

сугар - 202.179.27.502020-02-18 15:12:34

муу тэнэг амьтан баяжмал гаргах эсэхээ оюуутолгои өөрөө мэднэ гэжээ,монгол улсын эрх ашиг яах вэ