Хоёр ойтой охин Facebook-ийн туслалцаатайгаар ээжийгээ үхлээс аварчээ

Английн Дорсет гүнлэгийн Пул хотод хоёр ойтой охин сэргэлэн нэгэн гэдгээ харуулж, түргэн шалмаг хөдлөснөөр эхийгээ үхлээс аварсан байна. “Дейли миррор” сонинд ингэж бичжээ.

София Мизен гэгч энэ охин 28 настай ээж Самантаг ухаан алдаж  унахад тэр даруй туслахаар ирсэн байна. Охин ээжийнхээ гар утсыг авч, дэлгэцэнд эхийнхээ хурууны хээг уншуулан, утсыг нээжээ.  Дараа нь София Facebook-ийн мессенжерийг нээгээд, эмээ рүүгээ дүрстэй дуудлага хийж, гал тогооны өрөөнд доошоо харж унасан ээжийнхээ зургийг харуулжээ.

Эмээ нь түргэн дуудаж, София дөрвөн настай ахынхаа хамт түргэн ирэх хүртэл  ээжийнхээ дэргэдээс холдоогүй байна. Түргэнийхэн ээжийг нь эмнэлэгт аваачжээ. Эмэгтэй гэдэсний халдвар авсан байж. Тэр эмчилгээ хийлгэж, бүрэн эдгэрсэн байна.

“Гэрт ямар нэг юм болвол  хэрхэхийг хүүдээ хэлж өгч байснаа би санах юм.  Харин София  ахад нь миний хэлж байсан  бүгдийг тогтоочих юм гэж яаж санах билээ” хэмээн Саманта ярьжээ.

Б.Атар


Сэтгэгдэл бичих