Бага тойрууд Нур-султан хотын нэрэмжит гудамж байгуулах ажил ирэх хавар эхэлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаевтай уулзлаа.

Элчин сайд Жалгас Адилбаев хүлээн авч уулзсанд нийслэлийн Засаг даргад талархал илэрхийлээд, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахад бэлэн байгаагаа дуулгалаа. Тэрбээр “Өнгөрсөн онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Казахстан улсад айлчлахад улс төрийн болон түүхэн ач холбогдолтой олон хэлэлцээрт гарын үсэг зурагдсан. Энэ бүхнийг ажил хэрэг болгож хэрэгжүүлэхэд бэлэн байна. Улаанбаатар хотод Нур-султан хотын нэрэмжит гудамж байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Мөн Улаанбаатар хоттой аялал жуулчлалын чиглэлээр хамтарч харилцан үр ашигтай ажиллах бодолтой байна” гэлээ.

Хотын Захирагч С.Амарсайхан хоёр хот ах дүүгийн харилцаа тогтоох хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал нь хамтын ажиллагаа, худалдаа эдийн засгийг шинэ түвшинд гаргаж чадна гэдэгт итгэлтэй байгаа хэмээгээд “Казахстан улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, худалдаа эдийн засаг, соёл боловсрол зэрэг олон салбарт харилцаа хамтын ажиллагаа өргөжсөөр ирсэн. Хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд аялал жуулчлалын салбарт түлхүү анхаарч байгааг дэмжиж байна. Казахстан улсын хот төлөвлөлт, бүтээн байгуулалт, ногоон байгууламж, иргэдийг орон сууцжуулах бодлого, түүний хэрэгжилт зэрэг олон асуудал бидний сонирхлыг татаж байгаа. Энэ асуудлаар харилцан туршлага солилцох саналтай байна” гэв.

Ирэх хавраас Улаанбаатар хотын Бага тойрууд Нур-султан хотын нэрэмжит гудамж байгуулах ажлыг эхлүүлэх гэж буй талаар хотын Захирагч хэллээ.

Талууд 2020 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд хэрхэн ажиллах талаар санал солилцоод аялал жуулчлалын чиглэлээр хоёр хот хамтарч ажиллахаар болжээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

хаяг биш зам тавь - 202.179.27.2392020-02-14 14:55:58

нэрэмжит гудамж байгуулна гэдэг бизнес байх юм.тэрний оронд нэг дэд бүтцийн төсөл хэрэгжүүлээд нэрэмжит болгож болно ш дээ.жишээ шороо тоосонд дарагдсан гэр хорооллын хэдэн гудамж дундуур хямд өртөгтэй засмал зам тавиад Назарбайн хандивласан мөнгөөр хийгдлээ гэх мэт.