Гар утсаа цэвэрлэх нь маск зүүхээс илүү үр дүнтэй

Гар утсаа тогтмол цэвэрлэж, гараа үргэлж угаах нь вирусээс өөрийгөө хамгаалахад маск зүүхээс илүү үр дүнтэй хэмээн Сингапурын эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Хоёрдугаар сарын 10-нд Коллин Томас, Жюди Чен, Там Хө Мен, Лим Пин Пин гэх дөрвөн эмч бүх сингапурчуудад "Гэрээсээ гарах бүртээ маск зүүж, олон хүнтэй газарт очихгүй байснаар вирусийн тархалтыг хоёр долоо хоногт барьж чадна" гэсэн зөвлөгөө өгсөн байна. Түүнчлэн эмч нар "Хэрвээ маск дууссан бол хувцас, ороолт болон цаасаар гар аргаар маск хийж зүүх боломжтой" хэмээн зөвлөсөн байна.

Сингапурын Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн үйлчилгээний газрын дарга Кеннет Макын хэлснээр маск вирусээс сэргийлэх тийм ч үр дүнтэй арга биш аж. Түүнийхээр бол гар утсаа цэвэрлэх нь маск зүүхээс илүү үр дүнтэй хамгаалалт болох юм байна. Тэрбээр "Үргэлж хүрдэг зүйлсээ цэвэрхэн байлга. Тэр дундаа гар утас бол хүн бүрийн өдөр тутамдаа хамгийн их хүрэлцэж буй эд зүйл" хэмээн хэлжээ.

Гар утас бол хүнд байдаг хамгийн бохир эд зүйлсийн тоонд ордог. Хүн бүр үргэлж гар утсаа барьж байдгаас гадна маш олон хүн гар утсаа ариун цэврийн өрөөнд авч ордог учир гар утсан дээр ялгадасны жижиг хэсгүүд ч наалдсан байдаг. Хамгийн аюултай нь гар утас ихэвчлэн бидний нүд, хамар, уруултай ойр байдаг. Чухам эдгээр эрхтэнээр л вирус халдах магадлал хамгийн их.

Хэд хэдэн судалгааны үр дүн гар утас жорлонгийн суултуураас ч их нян агуулдаг гэдгийг нотолсон байдаг. Тиймээс хамгийн эхний алхам бол гар утсаа ариун цэврийн өрөөнд авч орохгүй байх.

Массачусетсын технологийн институтын дөрвөн судлаач 2018 онд гар утсыг ариутгагч, эсвэл алкоголь ашиглан цэвэрлэх нь нянг устгах хамгийн үр дүнтэй арга хэмээн нотолжээ. Чингэхдээ утасны дэлгэцээс илүү утасны гэр, утас хоёрын завсрыг анхаарч цэвэрлэх хэрэгтэй гэв.

Микробиологич Чарльз Гербагийн зөвлөснөөр, алкогольтой ариутгагчийг гэртээ 60 хувь ус, ариутгалын алкоголь 40 хувьтай холин хөвөн, даавуунд шингээн утсаа цэвэрлэх боломжтой аж.

Харин утас руугаа алкоголь цацах болон бактерийн эсрэг бүтээгдэхүүнээр шууд арчих нь гар утасны ус, тосны хамгаалалт бүхий хальсыг гэмтээх аюултай юм байна. Мөн цонх арчигч, аяга угаагч, нүүр цэвэрлэгч, гарын саван зэрэг нь гар утас цэвэрлэхэд тун тохиромжгүй хэмээн судлаачид зөвлөжээ.

Эх сурвалж: SCMPnews.mn

Сэтгэгдэл бичих