Өрсөлдөх чадвараараа аймгуудыг Орхон тэргүүлж, Булган сүүл мушгив

Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг гаргадаг болоод найман жил болж байна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс ийм тайланг гаргадаг. Энэ жишгээр “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2019”-ийг өнөөдөр танилцууллаа. 2019 оны өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Орхон аймаг 100 оноотойгоор бусдыгаа хошуучилж, 97,85 оноогоор Өмнөговь аймаг хоёрдугаарт жагсч, харин 37,35 оноогоор Булган аймаг сүүл мушгисан байна.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Б.Лакшми “Судалгааг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялгийн иж бүрэн санаачилга хөтөлбөр болон Азийн сангийн зүгээс жил тутам дэмжиж, хамтран ажилласаар ирсэн. Судалгаа хийснээр Монгол Улсын 21 аймгийн эдийн засгийн хөгжлийг тодорхойлж, хэмжүүрийг бий болгох ач холбогдолтой" гэлээ. Мөн “Аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо жилээс жилд өсөх хандлагатай байгааг, хамгийн тогтвортой байгаа бүлэг нь дэд бүтэц бөгөөд өсөх хандлагатай байгааг, хамгийн тогтворгүй онооны хувьд өөрчлөлтүүд их байдаг бүлэг нь засаглалын үр ашиг бүлэг байгааг судалгааны багийнхан онцолсон юм.

Тус судалгааны төвийн дэд захирал И. Одончимэг "Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн 176 шалгуур үзүүлэлтүүдийг нэгтгэн тооцдог. Өрсөлдөх чадвар хамгийн сайн аймаг нь 100 оноотой байх ба бусдыг нь үүнтэй харьцуулдаг юм. Энэ удаагийн дүнгээс харахад Орхон аймаг тэргүүлсэн хэвээр байна. Удаах байруудад Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул аймгууд орсон. Харин сүүлийн байруудад Говь-Алтай, Архангай, Булган аймгууд эрэмбэлэгдсэн” гэлээ.

image

Аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо өнгөрсөн жилээс хоёр оноогоор буурчээ. Гэвч үр дүнг нэгтгэн харах юм бол нийт 21 аймгаас найм нь өрсөлдөх чадвараа сайжруулсан байна. Энэ нь алгуур ч гэлээ аймгууд хөгжиж байна гэсэн үг. Харин хамгийн их өөрчлөлт гарсан аймгууд нь Дорноговь, Ховд, Дорнод аймаг байжээ.

Харин ерөнхий захирал Б.Лакшми "Сүүлийн жилүүдэд тайлантай холбоотойгоор өрсөлдөх чадвараа яаж сайжруулах талаар орон нутгаас их асууж байгаа. Түүнчлэн төсвийн хөрөнгө оруулалт хэр өгөөжтэй байсан нь 1-2 жилийн дараа харагдана. Энэ жилийн хувьд төсвийг аймгуудад харилцан адилгүй хуваарилсан байна лээ. Хэнтий аймагт хамгийн өндөр төсөв өгсөн байхад Дундговьд маш бага хэмжээний төсөв хуваарилагдсан. Ямар зарчмаар ингэж хуваарилсан нь тодорхой бус" гэсэн юм.

Сэтгэгдэл бичих