Д.Гантулгын хэрэгт хуурамчаар дүгнэлт үйлдсэн гэх шинжээчид нэг жил хорих ял оноолоо

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хэрэгт хуурамч дүгнэлт гаргасан гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын дарга Х.Түвшин-Эрдэнэд нэг жилийн хорих ял, ахлах шинжээч Ж.Оюунаа, шинжээч М.Золжаргал нарт мөнгөн торгууль ногдууллаа.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Түвшин-Эрдэнэд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 /Хүч хэрэглэх, эд хөрөнгийг нь устгахаар заналхийлэх, шан харамж өгөх зэргээр гэрч, хохирогчоор худал мэдүүлэг өгүүлсэн, шинжээчээр худал дүгнэлт гаргуулсан, орчуулагчаар худал орчуулуулсан, хэлмэрчээр худал хэлмэрчлүүлсэн бол /-дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оноосон байна.

Харин шүүгдэгч Ж.Оюунааг мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 /Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон арбитр, шүүхэд гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгсөн, шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан, орчуулагч зориуд худал орчуулсан, хэлмэрч зориуд худал хэлмэрчилсэн бол /- дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 19.200.000 төгрөгөөр, шүүгдэгч Н.Золжаргалыг мөн хуулийн 245 дугаар зүйлийн 245.2 /Энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол /дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 12.240.000 төгрөгөөр тус тус торгож шийдвэрлэжээ.

Хэргийг тодруулбал, Д.Гантулга УИХ-ын гишүүн байхдаа Н гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт холбогдож, гэмт хэрэг хийсэн нь тогтоогдоогүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан билээ. Улмаар хохирогч, өмгөөлөгч нар хүсэлт тавьснаар хэргийг дахин шалгаж, дээрх гурван шинжээч нарыг яллагдагчаар татаад байсан юм.

Тэднийг 2017 онд “иргэн Н-гаас үтрээний арчдас, наалдац, дэр, ор хөнжлийн даавуунд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй” гэж дүгнэлт хуурамчаар үйлдсэн хэмээн буруутгаад байсан бөгөөд шүүх хурал хэд хэдэн удаа хойшилсны эцэст өчигдөр болж дээрх шийдвэрийг гаргажээ.

Сэтгэгдэл бичих