U-Money картаар нийтийн тээврээр үйлчлүүлж, азтан болох боломжтой боллоо

“Улаанбаатар Смарт Карт” ХХК 2020 онд нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрүүлсний таван жилийн ойн хүрээнд зориулан нийтийн тээврийн зорчигчдоос азтан шалгаруулахаар болжээ.

Өдөрт дунджаар нийтийн тээврээр зорчдог 500-700 мянган иргэн байгаагаас 400 мянга орчим нь цахим картаар үйлчлүүлдэг. Иймд нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтөд цахим картын хэрэглээг нэмэгдүүлэх, цахим карт ашиглаж буй зорчигчдыг урамшуулахаар шийджээ.

Дараах хоёр шалгуурт нийцэж буй хэрэглэгч азтан болох боломжтой:

  • Хэрэглэгч нийтийн тээврээр тухайн сард 10-аас дээш удаа картаар зорчсон байх.
  • Нийтийн тээврийн хөлсийг төлбөр төлөн зорчиж буй энгийн болон хүүхдийн карт. Мөн Хаан банк, Юнител, Мобиком, Скайтел компанитай хамтарсан картын хэрэглэгч байх.

Улаанбаатар Смарт Карт ХХК-ийн харилцагч, үйл ажиллагааны газрын ахлах менежер Ц.Түвшинжаргал “Зорчигчид ямар нэгэн системд бүртгүүлэх шаардлагагүй, системээс 10-аас дээш удаа зорчсон иргэдийг шүүж нягтална. Харин картын ард байрлах 16 оронтой тооны сүүлийн зургаан оронгоор азтанг тодруулна” гэв. 

Шагналын сан:

  • 100 хэрэглэгчид сарын хязгааргүй зорчих эрхтэй карт
  • 10 хүртэлх тооны хэрэглэгчид 500 мянган төгрөг
  • Нэг супер азтанд хоёр сая төгрөг

Азтанг сар бүрийн хоёр дахь долоо хоногийн лхагва гарагт шалгаруулах ба энэ жилийн эхний азтанг ирэх хоёрдугаар сард тодруулна. Азтан болсон хэрэглэгчид шагнал олгох хугацаа нэг сар буюу дараа сарын сугалааны тохирлын өдөр болтол хадгалагдах бөгөөд шагналаа аваагүй тохиолдолд нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд зарцуулагдах аж.

Сэтгэгдэл бичих