Н.Номтойбаярын асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Тус хорооны хуралдаанаар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас ирүүлсэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.  Тус дэд хорооны хуралдаан хаалттай болж байгаа бөгөөд УЕП-ын дарга Б.Жаргалсайхан оролцож байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хуралдааныг нээлттэй болговол өөрийн хүсэлтээр оролцохоо мэдэгдсэн билээ. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нар багтдаг бөгөөд тус дэд хороог Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ахалдаг юм. Хуралдаанд Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Н.Энхболд нар оролцож,Ч.Улаан, Д.Лүндээжанцан нар гадаадад томилолттой яваа аж. Гишүүний халдашгүй байдлын байнгын хороо УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх талаар тодорхой шийдвэр гаргавал Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдах юм.

Тэрбээр оны өмнө мэдээлэл хийх үеэрээ "Би бардам хэлэхэд, АТГ ичдэггүй юм бол миний асуудлыг оруулаад ир. УИХ дээр нээлттэй ярилцмаар байна. Би хуулийн дагуу ажилласан. Яллагдагчаар татах бичгээ УИХ-д оруулж ирээд, нээлттэй хэлэлцмээр байна" гэж хэлж байсан билээ.  Түүний асуудал УИХ дээр орж ирэхтэй зэрэгцээд Б.Хурцын хүү Тайвантай зодолдсон бичлэг ч олон нийтийн сүлжээнд цацагдаад байна.

Сэтгэгдэл бичих