Гурван Отгонбаярын тавилан

Балжирын Отгонбаяр

Авлигалын эсрэг нийтлэлийнхээ улмаас шүүх, цагдаагийн байгууллагад 20 шахам удаа дуудагдсан Балжирын Отгонбаяр гэдэг сэтгүүлч бий. Тэр 1979 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль дүүргээд Сүхбаатар аймагт цэргийн халхлалтын батольен, Налайхын цэргийн нисэхийн ангид улс төрийн ажилтнаар ажиллаж байхаасаа “Улаан од” сонинд мэдээ, сурвалжлага нийтлүүлж эхэлжээ. 90 оны ардчилсан хувьсгалын үеэр жагсаал цуглаанд оролцсон хэргээр хатуухан банга хүртэж, армиас халагдсаныхаа дараахан 96 онд мөнөөх цэргийн сониныхоо тоймч болсон юм.

Ер нь буриад цусны цөс ихтэй эрсийн нэг. Угсаа гарвал хөөвөл эцэг өвгөд нь их зохиолч С.Эрдэнэ баавайн удмынхантай хамт өнгөрсөн зууны арваад оны үед Орос нутгаас Хэнтийн зүүн сугаар орж ирж, Биндэрийн Сэрүүн Галттайд нутаглажээ. Халхай Рэнцэнгийн Чимид гэж Ононгийн буриад хошуунаас Улсын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр сонгогдож, анхны Үндсэн хууль батлалцаж явсан бөгөөд Лхүмбийн хэргээр баригдан Сибирьт цөлөгдсөн гэдэг. Харин түүний бага хүү Балжир бяцхан хүү Отгонбаярыг өргөж аван өсгөжээ.

Отгонбаярын бага нас Хэнтий аймгийн Биндэр суманд өргөн Ононы хөвөөн дээр үеийн нөхөдтэйгээ эрхэлж тоглож өнгөрсөн. Буриад зоны дотор сэхээтнүүд цөөнгүй. 57 оны гал тахиа жилтэй эдний ангийн хүүхдүүд номонд их хорхойтой. Гарт дайралдсан уран зохиолын номыг шинэ, хуучин гэлтгүй гар дамжуулан уншина. Кино ч бас үзэх дуртай. Сум дамжин гардаг нүүдлийн тоотой хэдэн киног дахин дахин үзнэ. Тэдний ангийнхнаас УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатараас эхлээд төр, түмэнд танигдсан цөөнгүй хүн бий.

Отгонбаярын үзэг хурц, үг хоржоонтой. 1999 онд МСХ-ны “Ган үзэгтэн” шагнал хүртсэн нь үүний илрэл. Нийгэм дэх авлига, хээл хахуулийн идээ бээрийг шахахын төлөө үзэг чилээж явдгийн хувьд Авлигатай тэмцэх сэтгүүлчдийн клуб байгуулан ганц дайчны эгнээг чамлахааргүй өргөжүүлсэн. “Онцгой байдлын газарт онц байдал тогтоох хэрэгтэй боллоо” нийтлэлийнхээ улмаас Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд асан С.Отгонбаяртай бараг хонь, чоно болов. Одоо ч гэсэн хоёр амидаа бие биенийгээ цагдаагийн байгууллагад шалгуулахаар “матаж”, харин “Оюуны ундраа”-гийн С.Отгонбаярыг АТГ шалгахаар болж байгаа. Б.Отгонбаярын “Н.Номтойбаярын хэргийн мөрөөр буюу үнэний эрэлд” цуврал нийтлэл нь араасаа нэхэл дагуул ихтэй байна. Өнгөрсөн онд “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнагдсан нь эрхэм гишүүн Н.Номтойбаярын амласан 100 саяас ч илүү үнэтэй.

Сайнбуянгийн Отгонбаяр

Түүнийг Сайнбуянгийн гэхээсээ илүүтэй “Оюуны ундраа”-гийн гэдгээр нь олон түмэн андахгүй. Сайнбуян гуайнх олон хүүхэдтэй. Отгонбаяр гурав дахь нь. 1963 онд төрсөн тэрээр Налайхад дүү нарынхаа хамт нэлээд дуутай цуутай өсч өндийсэн гэдэг.

Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд хоёрхон жил болж байхад “Оюуны ундраа” компанийг үүсгэн байгуулж, бизнесийн салбарт хөл тавьжээ. Уг нь Москвагийн Хэвлэлийн дээд сургууль төгсөөд Улсын хэвлэлийн комбинатад ажилласан. Дараа нь намтартаа Москвагийн Улс төр, эдийн засгийн академи, АНУ-д бизнесийн удирдлагын сургууль дүүргэж, 2000 онд НИТХ-ын төлөөлөгч, 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2004-2006 онд УИХ-ын Мэдээлэл, харилцаа холбоо технологийн хөгжлийн байнгын хорооны дарга, 2006-2008 онд Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан гэжээ. Одоо Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар ажиллаж байгаа. Наймдугаар сарын 5-наас дулаан, цахилгааны үнийг 30 хувиар нэмсэн нь хүйтний улирал эхлэхэд эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэхээ гардсан иргэд нэг л өдөр толгой дээр нь аянга буулгах биз.

С.Отгонбаярыг бизнесийн ертөнцөд азтай гэхээсээ эзтэй явсан гэмээр. Оросоос “Ми-8” нисдэг тэрэг хууль бусаар хил давуулж авчраад хэрэг бишдэхэд Ерөнхий сайд асан П.Жасрай гуай хэдэн хүүхдүүд бизнес хийх гэсэн юм байгаа биз дээ гэж толгойг нь илснээр буруу гарын наймааг болдог юм байна гээд ойлгочихсон бололтой. Дөрвөн жил чимээгүйхэн дарсан “Ми-8”-ынхаа үнэд “Ардчилсан холбоо” эвслийн засгийн өнгөнд улсын төсвөөс 500 сая төгрөг гаргуулан авсан. Түүнээс хойш одоогийн “Бридж” зочид буудал, “Лхам” худалдааны төвийг булхайтай хувьчлалын гэрээгээр өлтөггүй шахам авчээ. Дараа нь Багануурын Дулааны станцыг хувьчилж авахаар хотыг тэр чигт нь хөлдөөж орхиод бүтэлгүйтсэн. Саяхан “Хадгаламж” банкийг авахаар Багануурын уурхайгаас “Жаст”-д хоёр тэрбумыг хүчээр шилжүүлүүлж хөгөө хөлдөө чирч байгаа. Түүнийгээ “Багануурын Дулааны станц” ТӨХК-иас шилжүүлээгүй гэж олныг төөрөгдүүлэх гэсэн ч С.Отгонбаяр, М.Сономпил хоёрын гарын үсэгтэй албан бичиг үнэнийг илчилнэ. Тээвэр хөгжлийн банкны 51 хувийг эзэмшдэг “Инфрастракчер” компаниа Швейцарийн иргэн В.И.Армини “Оюуны ундраа” компанид бэлэглэсэн гэх нь бас л но-той. Энэ бүхний цаана оросуудын гар дүрээстэй байдаг нь мань эрийг Оросын мафийн жижиг гаруудтай холбоотой болов уу гэсэн сэжиг төрүүлдэг.

Нэгэн үе “Оюуны ундраа” хүчтэй юм шиг байлаа. Өөдөөс нь цор цор хийсэн хэнийг ч болов рекэтэлнэ. Хөөрхий муусайн сэтгүүлчдийг ч охид гэж голохгүй. Эрүүгийн цагдаад Ш.Цогбаатар, Нийслэлийн прокурорт Б.Эрдэнэбаатар тэдний хэргийг нам дардаг байлаа. Ямар сайндаа “X-LTA”-гийн Б.Батболд “Оюуны ундраа”-гийн Цогбаатар уу” гэснийхээ төлөө намалдаглуулж байхав. Харин тэр цаг хуучирч, хурандаа Ш.Цогбаатар боссынхоо хажууд Эрчим хүчний зохицуулах хорооны Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албыг чив чимээгүй хашиж сууна.

Отгонбаяр нэг бол тэнэг хүн, нэг бол их гэнэн хүн. “Дуулиант хилс хэргийн мөрөөр” гэсэн хоёр ангит баримтат кино хийлгүүлээд интернэтэд тавьчихсан байгаа юм. Энэ кинонд түүний дөрвөн жилийн ял авсан сайд байх үеийн хамаг хэргийг тов тодорхой илчилсэн байгаа. Бодвол хэн нэг нь нохой зан гаргаж, түүнээс мөнгө саагаа биз. Хэрэг задарвал Д.Даш комиссарынхаа араас дээлээ нөмөрч ч магадгүй. Нөөцийн бензинийг “Симба” Батаад зарж, тал үнийг нь бэлнээр авсан атлаа хямдаар авсан хэрэгт андыгаа унагасан. Үүнд нь үхтлээ гомдсон Б.Батаа авлига авсан нь буруутдаг хуультай болбол хэлнэ дээ хэмээн хорхойтсон араандаа зуусаар явна. Уг нь “Эрэл”-ийн намаас Их хуралд хоёулаа сууж, онцгой байдлын “Ми-8”-аар үнэг хүртэл хөөж, хөглөж явсан хүмүүс.

Батмөнхийн Отгонбаяр

Энэ залуу бөөний худалдааны компанид ажилладаг. Сингапураас оруулж ирсэн “Кент” тамхийг сүлжээгээр борлуулдаг. Хэр их борлуулалт хийнэ, төдийчинээ цалин сайн авна. Энэ бол зах зээлийн хууль. Тэр сайн ч ажиллана, сайн ч цалин авдаг. Хоёр охин нь дунд сургуульд сурч, отгон хүүгээ ээж нь гэртээ өсгөж байна. Энэ хавар банкнаас зээл авч, нэг өрөө шинэ байранд оржээ. Үеийнхэн дундаасаа амьдралдаа арчаатай авч яваа нэгэн.

Анх хөдөөнөөс орж ирээд найзындаа толгой хоргодож байсан ч удалгүй гэрлэж, өрх тусгаарлажээ. Дунд сургуулиа төгсөөд ажил олдохгүй болохоор хот бараадсан байна. Эзэмшсэн мэргэжил байхгүй тул бие хааныхаа хүчинд хамгаалалтын хэд хэдэн компани дамжаад одоогийнхоо ажилд сэтгэл хангалуун амьдарч байна. Багаасаа эхийнхээ гар харж, ах дүү дөрвүүлээ өссөн болохоор аливаад тооцоотой няхуур хандаж сурсан нь компанидаа ачигчаас борлуулалтын менежерээр тушаал дэвшжээ.

Гучин насны босгоор алхсан Б.Отгонбаярын намтрын хуудас зузаараагүй ч ирээдүйн зам нь урт байна.

Х.Аянга

Сэтгэгдэл бичих