Эрүүл мэндэд смартфоны үзүүлэх нөлөөг хэрхэн бууруулах тухайд


 

Гар утсыг хэрхэн зөв хэрэглэхийг Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах алба сануулжээ. Тийнхүү тус байгууллага гар утсаар ярих хугацааг багасгах нь илүү дээр гэдгийг хэрэглэгчдэд сануулж  байна.

Гар утас хэрэглэх зааварчилгаа Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны сайтад нийтлэгджээ.  Энэ нь эцэг, эхчүүдэд зориулагдсан хэдий ч, бусад хүнд ч хэрэгтэй юм. 

Нэг удаа гар утсаар ярих хугацаа хоёр минутаас илүүгүй байх ёстой гэнэ. Хоёр ярианы хооронд наад зах нь 15 минут завсарлага хийх хэрэгтэй. Харин мессеж бичвэл дээр бөгөөд утсыг яг чихэндээ наалдуулж барихгүй байх  хэрэгтэй гэж зөвлөмжид дурджээ.

Утсаа чихнээсээ нэг сантиметр хөндий байлгаснаар та тархинд радио долгионы үзүүлэх нөлөөг дөрөв дахин бууруулах болно гэдгийг сануулж байна. Таны дуудлагад хариу өгөх хүртэл утсаа чихнээсээ хөндий байлгах хэрэгтэй  бөгөөд учир нь  дуудлага хийж байхад гар утас дээд хүчин чадлаараа ажилладаг аж.  Үүнээс гадна, ярьж байхдаа төмөр хүрээтэй нүдний шилээ авах хэрэгтэй, эс бөгөөс цахилгаан соронзон орон улам  хүчтэй болдог байна.

Гар утасны цацраг тархины хавдар үүсгэдэг эсэх талаар маргах болсоор нэлээдгүй  хугацаа өнгөрч  байгаа билээ. Гар утаснаас гардаг цацраг хавдар үүсгэж болох юм гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сануулсан байдаг.  Гэвч гар утасны цацраг  хавдар үүсгэдэг гэсэн  баттай нотолгоо эрдэмтдэд байхгүй гэж америкийн үндэсний хавдар судлалын хүрээлэн цохон заажээ. 

Б.Атар

Сэтгэгдэл бичих