АНУ Шведэд хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д санал болгожээ

    АНУ өнгөрсөн оны аравдугаар сард Стокгольмд зогсоосон хэлэлцээг сэргээх саналыг  БНАСАУ-д тавьжээ. АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Роберт О’Брайен ингэж мэдэгдсэн байна.

Өнгөрсөн аравдугаар сард Стокгольмд  сүүлчийн удаа  хэлэлцээ хийсэн бөгөөд одоо АНУ БНАСАУ-ыг цөмийн зэвсэг хураах тухай хэлэлцээнд буцаан оруулахаар олон суваг ашиглаж байгаа юм гэж тэр хэлжээ. Пхеньяны удирдлага ямар нэг шинэ туршилт хийхээс түдгэлзэж байгаа нь сайн дохио юм гэж тэр бас онцлон тэмдэглэснийг хэвлэлд мэдээлсэн байна.

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун  стратегийн шинэ зэвсэг удахгүй танилцуулна гэж Солонгосын хөдөлмөрийн намын ТХ-ны бүгд хурлын үеэр арванхоёрдугаар сарын 25-нд мэдэгдсэн юм.  БНАСАУ цөмийн туршилт хийхийг азнах шийдвэрийг  дахин мөрдөх албагүй, учир нь АНУ Солонгосын хойгт цэргийн сургуулилт хийсээр байна гэж Ким бас мэдэгджээ.

АНУ, БНАСАУ-ын анхны дээд хэмжээний уулзалт 2018 оны зургаадугаар сард Сингапурт болж, талууд хамтарсан мэдэгдэл гаргасан билээ. Тэгэхэд Хойд Солонгосын эрх баригчид цөмийн зэвсгийг бүрэн хураахад зарчмын хувьд бэлэн байгаагаа уг мэдэгдэлд зарласан юм. Америкийн тал ч аюулгүй байдлын баталгаа олгохоор амласан билээ.

Б.Атар

Сэтгэгдэл бичих