ШУУРХАЙ: Иран Украины Боинг онгоцыг санамсаргүй сөнөөснөө хүлээн зөвшөөрчээ

Ираны Тегеранд осолдсон Украины иргэний агаарын тээврийн Боинг онгоцыг санамсаргүйгээр харвасан гэж өнөөдөр /2020.01.11/ Ираны Зэвсэгт хүчний ерөнхий штаб хүлээн зөвшөөрлөө.

Хүний гаргасан санамсаргүй алдаанаас болж онгоц сөнөж, эх орон нэгтнүүд болон олон орны иргэд амиа алдсанд харамсаж буйгаа илэрхийлжээ. Ираны зэвсэгт хүчний элит анги болох Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын чухал объектын ойролцоо нисэж байсан онгоц хэлбэр болон байрлалаараа дайсны объектыг санагдуулсан гэж мэдэгдэлд дурджээ. Ирак дахь АНУ-ын цэргийн баазуудад цохилт өгсний дараа АНУ-ын цэргийн онгоц олон тоогоор агаарт хөөрчээ. Энэ нөхцөл байдал агаарын довтолгооноос хамгаалах анги нэгтгэлүүд сонор сэрэмжээ дээшлүүлсэн байна.

Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани Иран улс аймшигт алдаа гаргасанд гүнээ харамсаж байна гээд Украины онгоцыг сөнөөсөнд буруутай этгээдүүдэд хариуцлага тооцно гэж амлажээ.

Энэ сарын 8-нд Ираны Имам Хомейнигийн нэрэмжит Олон улсын нисэх буудлаас хөөрсөн "Боинг 737" онгоц хоёр минутын дараа осолдож,  168 зорчигч, нисэх багийн 9 гишүүн гээд нийт 177 хүн бүгд амь үрэгдсэн юм. Тэдний 83 нь Ираны, 63 нь Канадын, 11 нь Украины, 10 нь Шведийн, дөрөв нь Афганистаны, гурав нь Германы, гурав нь Их Британийн иргэд байсан юм.

ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих