Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад өөрчлөлт оруулахаар болжээ

Даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг шинэчилсэн жагсаалтыг эм ханган нийлүүлэгч байгууллагууд эсэргүүцэж буй. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийнхний өнгөрсөн долдугаар сард баталсан 12 дугаар тогтоолд 170 гаруй нэр, төрлийн эмийн үнийн дээд хязгаарыг бууруулж, энэ сарын 2-ноос мөрдөх байв.

Гэвч талууд уг асуудлаар маргалдаж, зөвлөлдсөний эцэст эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудаас ирүүлсэн зарим саналыг судалж, шийдвэрлэх шаардлагатай гэж үзжээ. Үүний дагуу Даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хувь хэмжээг тооцох аргачлал боловсруулах ажлын хэсэг байгуулснаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээлэв. Уг жагсаалтыг эцэслэн баталтал иргэд хуучин журмын дагуу эмээ хөнгөлөлттэй үнээр авах аж.

Сэтгэгдэл бичих