Асгатын мөнгөний далд уурхайг нээхээр ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаар тогтоолоор Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлж, улмаар тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж эхэлсэн. Далд уурхайн нөхцөл байдлыг үнэлэх ажлын хэсэг дөрвөн сарын өмнөөс ажилласан бөгөөд одоогийн байдлаар уурхайг нээх, инженерийн бэхэлгээг сэргээх, технологийн дээж бэлтгэх шатандаа оржээ.  


Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах ОХУ-ын Алтайн хязгаартай хиллэн оршдог уг ордыг нээхээр “Асгаткент” ХХК-ийн 16 ажилтан зургаан техниктэй ажиллаж байгаа бол тус компанийн туслан гүйцэтгэгчээр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах албаныхан ажиллаж байна.


Төлөвлөгөөнд тусгасны дагуу хоёр амыг нээх ёстой бол өнөөдрийн байдлаар эхний 1А амыг бүрэн нээж, хэвтээ амны 30 метр орчим цас мөсийг арилгажээ. Далд уурхайг сэргээх ажилд "Эрдэнэс Монгол" ХХК-ийн мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, УУХҮЯ, “Эрдэнэс Монгол” ХХК, АМГТГ, ХХЕГ,  Эрдэнэт үйлдвэр УТҮГ, Уул уурхайн аврах анги, Баян-Өлгий аймгийн аврах анги хамтран ажиллаж байгаа юм. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

сүрэн - 103.10.22.382019-12-11 11:23:52

амжилт хүсье