БАЙГАЛИЙН ТҮҮХИЙГ МАНАЖ АСАН ЧУЛУУН АРСЛАНГУУД МИНЬ ХААЧИВ?

Байгалийн түүхийн музей сураггүй боллоо. Харин үүдэнд нь байсан хоёр чулуун арслан хаачив. Хариуцсан яамны холбогдох мэргэжилтэнгээс асуухад мэдэхгүй гэдэг хариулт өгөв.

Хот тохижилтын газрынх бололтой ажилтнууд чулуун арсланг буулгаж ачсан. Тээж, тээвэрлэх явцдаа эвдрэл гэмтэл авчихаагүй байгаа даа. Хаана аваачсан бол гэх бодол төрнөм. Чулуугаар урласан тэдгээр арслангууд маш нарийн нандин ур хийцтэй бүтээл юм.  Хэр баргийн хүн чулуун урлал хийдэггүй гэдэг.




Энэхүү хоёр арслан ямархуу түүхтэй хийгээд ер нь нийслэлд байгаа 19 дүгээр зууны үеэс үлдсэн соёлын өв болох 6 ширхэг арслангийн талаар өгүүлье.

Нийслэл хотод байдаг хувьсгалын өмнөх үеийн урчуудын урласан 6 чулаан арслан нийслэлийн хамгаалалтад байдаг юм байна.

 Тэдгээрийн хоёр нь МУИС-ийн төв байрны үүдэнд, хоёр нь арслантай гүүрэн дээр, хоёр нь баларч одсон Байгалийн түүхийг манадаг байлаа.

Чулуугаар хийсэн арслангийн дүрт барималыг голдуу орд харшийн үүдэнд харуул хамгаалалтын бэлгэ тэмдэг болгон байрлуулдаг ажээ.

Хэдий үед хэн гээч уран гартан энэхүү хосгүй соёлын өв болсон бүтээлүүдийг бүтээснийг таашгүй.

Юутай ч зуун дамнан оршиж үг хэлдэг бол үг хэлэхээр, хэлд ордог бол хэл орохоор чулуун арслангууд энэ их түүхийн гэрч болон үлджээ.

Балгас болон нураагдаж байгаа барилгаа хараад хос чулуун арслан архирвал архирахаар эмгэнэлт дүр төрх харагдсан даа.

Музейн харуул хос арслан

Байгалийн түүхийн музейн өмнө 63 жил болсон хоёр чулуун арслан өмнө нь Богдын Шар ордны шөргөн хашааны үүдэнд байсан юм. Шар ордон хотын төвд, одоогийн 4-р дэлгүүрийн урд байжээ. Энэ ордонд 1911 оны 12 сарын 29-нд Богдыг хаанд залсан аж.

1954 онд газарзүйн эрдэмтэн О.Намнандоржийн санаачилгаар Улсын төв музейн өмнө авчирч байрлуулжээ.

 

Эрдмийн өргөөний харуул чулуун арслан

Тэгвэл МУИС-ийн үүдэнд буй хос чулуун арслан хэдий үед хэн гэгч уран гартны бүтээсэн бүтээл вэ? Бүтэн жарны түүхтэй МУИС-тай нас чацуутан уу, эсвэл түүнээс өмнөх үеийн түүхийн гэрч, уран барилга, чулуун урлагийн ховор бүтээлийн нэгэн дурсгал юм болов уу?

Академич Б.Ширэндэв Баянхонгор аймгийн Мандал сумын Номон хааны хүрээн дээр хэрэглэхгүй хаясан хоёр том чулуун арсланг суурь чулууны хамт авчруулан Улсын их сургуулийн гол барилгын үүдэнд босгуулан тавьсан гэж өөрөө өгүүлсэн байдаг.

 Энэ хоёр арсланг Баянхонгор аймгийн Баруун урд зүгийн нэгэн сумын иргэн 1880 оны орчим ган цүүцээр сийлэн урласан гэсэн яриа байдаг гэнэ.

 МУИС-ийн ректороор ажиллаж байсан академич, нэрт эрдэмтэн Б.Ширэндэв  Номон хааны хүрээнээс залж ирсэн хос чулуун арслан номын мэргэд төрөн гардаг эрдмийн их өргөөний үүдийг манаж байгаа нь тохиол бусын хэрэг биш байхаа.

Их эрдэмтний мэргэн ухаан ийм ажгуу.

 

Сэлбийн гүүрний хоёр арслан   

Одоогийн Сэлбэ голыг зүүн Сэлбэ гэдэг байсан агаад баруун Сэлбэ нь нийслэл хотыг бүтээн байгуулах явцад дарагдаж үгүй болжээ.

Сэлбэ гол дээр хэд хэдэн гүүр байсан агаад Амбан ханы хойд гүүр нь хүрээний бусад гүүрүүдийн нэгэн адил XIX зууны үед Зүүн хүрээ Маймаа хот (Амгаланбаатар)-ын хооронд барьсан гүүр юм.

1946 онд баруун жигүүрт нь хоёр чулуун арслан тавьснаар “Арслантай гүүр” хэмээх нэртэй болжээ. 1958 онд модон гүүрийн оронд 40 метр урт, 18 метр өргөн төмөр бетон гүүр барьсан нь одоо байгаа юм.



Хоёр чулуун арслан бол Сэлбийн зүүн талд одоогийн 21 дүгээр дунд сургуулийн орчимд байсан “Хүрээнд сууж хэрэг шийтгэх манж сайдын яам”-ны гол ордны үүдэнд байсан хоёр чулуун арслан гэдэг.

Соёлын өвийн үндэсний төвөөс Сэлбийн гүүрний хоёр арсланг сэргээн засварлаж, хүзүүн дэхь хонх, гинжийг нь алтан боронзонгоор боронзодсон харагддаг.

Хамгаалалтад байдаг 6 чулуун арслан ийм түүхтэй ажээ.

Сүүлийн үед бэл бэнчинтэй хүмүүс, байгууллага, компаниуд өөрсдийн гэрийн үүдэнд хүртэл чулуун арсланг сүр хүч, гадны довтлох зүйлээс хамгаалах бэлэгдлийг нь бодож байрлуулах болсон.

Чулуун арслан урладаг урчууд эсвэл урд хөршөөс оруулж ирдэг наймаачид ч бий болсон.

Гэхдээ л түүх, соёлын үнэт өв болон зуун дамнан түүх өгүүлэх эдгээр арслангууд бол түүх, соёл урлагийн бүтээл.

Хэн гээчийн уран гартан тэднийг хэзээ, хэрхэн урласныг энэхүү чулуун арслангууд хэлтэй бол хүүрнэх л байсан байх даа.

Чулуун арслан хүртэл амь ороод архирвал архирахаар цаг үе юм даа.

Чулуун арслангууд маань хаачиваа. “Чулуу” болоод явчихаагүй байгаа даа.

Э.САРУУЛ

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

дгнпүа - 192.82.65.1202019-12-11 15:01:09

нэг новшийн даргын хашаанд оччих вий дээ

арслан - 202.9.46.1882019-12-11 09:22:50

Тэр түүхэн барилгыг нураалгаснаараар цусан коммунистын улаан хамгаалагч Хүрэлсүх луйварчны төрийн мөнгөөр казинодож, хүн шанааддаг хүйтэн гараар ороод хужаа руу ачигдсан байх аад аа.

darga - 202.126.89.2272019-12-11 08:46:43

1 dargiin zuslangin haruul bolson bhooo

Irgen - 66.181.161.552019-12-11 08:31:47

Alga hiichih vii dee hen ni avsan ym bol tailbar ogoochee holbogdoh humuus ni

irgen - 150.129.141.1902019-12-11 08:25:41

gargaj ireeree Soyliinhoon

Дорж - 202.9.46.482019-12-11 08:15:43

Чулуун арслан зарна. Үнэ 100 000 000

Дорж - 202.9.46.482019-12-11 08:15:43

Чулуун арслан зарна. Үнэ 100 000 000