“Нормандын дөрвийн” удирдагчид гурван зүйлт албан мэдээ гаргав

     Нормандын дөрвийн орнуудын удирдагчид Парист болсон дээд хэмжээний уулзалтынхнаа дүнгээр албан мэдээ гаргасныг РИА Новости  агентлаг мэдээлжээ.

Дүнгийн баримт бичигт “Мөргөлдөөний бүсэд байдлыг тогтворжуулах талаар нэн даруй авах арга хэмжээ”, “Минскийн хэлэлцээрийн улс төрийн заалтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээ” болон “Үргэлжлэл” гэсэн гурван зүйл орсон байна.

Тухайлбал, талууд  2020 оны гуравдугаар сар дуусахаас өмнө Донбасст гурван шинэ газарт  хоёр талын хүчнийг зааглах төлөвлөгөөг дэмжжээ.  Гучин өдөрт багтаан Донбасст дамжин нэвтрүүлэх шинэ гарц нээхээр холбоо барих бүлэг тохиролцсоныг  дэмжихээр “Нормандын дөрвийн” удирдагчид тохиролцсон байна.

2019 он дуусахаас наана цэргийн бүх  олзлогдогчийг  солилцох тухай асуудал бас хэлэлцжээ. Ингэхдээ  саатуулагдаж байгаа  бүх хүнтэй уулзах боломжийг олон улсын байгууллагууд, түүний дотор Олон улсын улаан загалмайн хороонд олгох ёстой аж.  Энэ нь “олон арав биш”, харин олон зуун” хүн юм гэж  Украины тал нотлож байна.

“Нормандын дөрвийн” дээд хэмжээний дараачийн уулзалт ойрын дөрвөн сард болно гэж Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон түрүүнд нь хэлсэн юм. Донбасст орон нутгийн сонгууль явуулах асуудал дээд хэмжээний дараачийн уулзалтын нэг гол асуудал байх болно гэдгийг албан мэдээнд цохон заажээ.

Оросын ерөнхийлөгч Владимир Путин Нормандын дээд хэмжээний уулзалтын хүрээнд украины удирдагч Владимир Зеленскийтэй хийсэн хоёр талын хэлэлцээнд сэтгэл дүүрэн байна. Уулзалт хэрхэн болж өнгөрсөн тухай сэтгүүлчдийн асуултад тэр хариулахдаа,  “Сайн, сэтгэл дүүрэн байна” гэжээ. Үүний зэрэгцээ  хоёр цагийн уулзалт маш амжилттай болсон гэж  украины ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Юлия Мендель мэдэгдсэн байна.

Б.Атар


Сэтгэгдэл бичих