ХӨНДӨХ СЭДЭВ: Жилд 4000 гаруй ЭЭЖ өсөлтгүй жирэмслэлт гэх оношоор хэвлий дэх ҮРЭЭ алдаж байна

Ургийн хөгжил зогсох буюу өсөлтгүй жирэмслэлт сүүлийн үед эмч мэргэжилтнүүдийн санааг чилээж, цөөхөн хүн амтай Монгол Улсад аюулын харанга дэлдээд байна. 

Бидний хүсэн хүлээж байсан БЯЦХАН эрдэнэ эхийнхээ хэвлийд амьгүй болж, жирэмсний эрт үед өсөлт нь зогсохыг өсөлтгүй жирэмслэлт гэдэг.

Бид саяхныг хүртэл өсөлтгүй жирэмслэлт гэж бараг мэддэгүй байсан. Гэтэл өнөөдөр энэ нь жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд хамгийн том айдас болжээ. Эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмчийн өрөөний үүдэнд дугаарлан суугаа 10 жирэмсэн эмэгтэй тутмын 1-2 нь өсөлтгүй жирэмсэн гэх аймшигт мэдээг сонсдог гэсэн албан бус мэдээлэл ч байдаг юм байна.

Харин Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан албан ёсны судалгаагаанаас харахад,  өнгөрсөн 2018 онд  4324 ээж өсөлтгүй жирэмслэлт болж, хэвлий дэх үрээ харамсалтайгаар алдсан байна. Энэ тоо 2013 онд 711, 2014 онд 1324, 2015 онд 3040, 2016 онд 3376, 2017 онд 4342 байжээ.

Дээрх судалгаанаас харахад, өсөлтгүй жирэмслэлт 2013 оноос 2018 оныг хүртэл 16 хувиар буюу 3617 тохиолдлоор нэмэгдсэн харагдаж байна. Жилээс жилд хурдацтай өсч, огцом нэмэгдсэн энэ судалгааны талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс тодруулахад, "2014 оноос эхлэн Эрүүл мэндийн статистик мэдээлэлд өвчний олон улсын 10 дугаар ангиллын дөрөвдэгч тэмдэглэгээг хэрэглэж эхэлсэнтэй холбоотой сүүлийн жилүүдэд өвчлөлийн нарийвчлан бүртгэх үйл ажиллагаа сайжирч байгаатай холбоотойгоор сүүлийн жилүүдийн өсөлтгүй жирэмслэлтийн тоо 2013 онтой харьцуулахад,  огцом өссөн үзүүлэлтэй гарсан байгаа. Учир нь 2014 оноос өмнө 10-р ангиллын 3-н тэмдэглэгээт ангиллыг хэрэглэж байсан.  Уг өвчлөл нь өвчний код О02.1 гэсэн кодоор aнгилагддаг бөгөөд өмнөх жилүүдэд мэдээллийг нарийвчлан авдаггүй байсан. Яг бодит өсөлтийг 2016 оноос хойшхи үзүүлэлтийг харьцуулж харах боломжтой" гэсэн юм.

Албаны хүмүүсийн хэлснээр 2016 оноос хойшхи үзүүлэлтийг харьцуулж үзэхэд, ганцхан жилийн дотор 1000-аар нэмэгдсэн дүр зураг харагдаж байна. Энэ бол өсөлтгүй жирэмслэлт  өсөлттэй байгаагийн тод жишээ. 

Тиймээс бид Нийслэлийн "Амгалан" амаржих газрын Эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч эмч П.Сэргэлэнтэй уулзаж, нийгэмд айдас дагуулсан өсөлтгүй жирэмслэлтийн шалтгаан нөхцөл болон хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.

Тэрбээр, "Жирэмсэн эмэгтэйчүүдийн хэвлий дэх ураг өсөлтгүй болж байгаагийн шалтгаан нь амьдралын буруу хэвшил, эрүүл мэндийн байдалтай шууд хамааралтай. Манай эмэгтэйчүүд ямар ч эрүүл мэндийн боловсрол байхгүй. Өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал хандуулдаггүй" гэдгийг онцолсон юм.

Мөн "Ирээдүйд төрөх үрийнхээ төлөө эмэгтэй хүн болгон хариуцлагатай байж, ядаж жилдээ нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдах ёстой" гэв.

-Өсөлтгүй жирэмслэлт нэмэгдэх болсон шалтгаан. Юунаас шалтгаалж өсөлтгүй жирэмслэлт бий болж байна вэ?

-Эхийн хэвлийд ураг амьгүй болж, өсөлтгүй болох шалтгаан хүн бүрт янз бүр байдаг.  Хамгийн том шалтгаан бол эхийн эрүүл мэндийн байдал шууд холбоотой. Эхийн эрхтэн тогтолцооны байдал хэвийн бус үед ураг хэвийн өсөж, хөгжинө гэж байхгүй. 

-Ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

 -Ураг өсөлтгүй болсон үед ямар нэгэн өвөрмөц шинж илэрдэггүй. Зарим эмэгтэйчүүдэд ямар ч шинж тэмдэг илэрдэггүй.  Тэгвэл нийт бүсгүйчүүдийн 25-30 хувьд нь  хэвлийн доод хэсгээр өвдөх, доош цусархаг ялгадас гарах зэрэг эмгэг шинжүүд  илэрдэг.

-Ихэвчлэн жирэмсний хэд дэх долоо хоногт өсөлтгүй жирэмслэлт илэрч байна вэ?

-Өсөлтгүй жирэмсэн нь жирэмсний бүхий л хугацаанд болж болно. Гэхдээ жирэмсний эхний гурван сард өсөлтгүй жирэмслэлт хамгийн элбэг тохиолддог.

-Өсөлтгүй жирэмслэлтээс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгнө үү?

-Нэн түрүүнд эх эрүүл байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл,  эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө. Жирэмслэхээс өмнө бүх эмэгтэйчүүд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, төлөвлөгөөтэйгөөр жирэмслэх нь зүйтэй. 

zaluu.com

Сэтгэгдэл бичих