“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна

Нийслэлчүүдийн махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хамтран “Өвлийн идэш” арга хэмжээг арванхоёрдугаар 5-20-нд зохион байгуулж байгаа билээ.

“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаа Хан-Уул дүүрэгт Яармагийн зам дагуу байрлах “Сансар” худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт Нарны зам дагуу байрлах “Саруул” худалдааны төв, Баянзүрх дүүрэгт Чингис зочид буудлын эсрэг талд байрлах “Скай” их дэлгүүрүүдэд гарч байгаа юм.

Түүнчлэн тус худалдаанд Булган, Дорноговь, Төв, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Сүхбаатар, Увс, Ховд, Өвөрхангай зэрэг 11 аймаг оролцож байна.

Нийслэлийн иргэдийн хөдөө явж идэш бэлтгэх цаг, хөрөнгө мөнгийг хэмнэж малчдын гараас ямар нэгэн зуучлагчаар дамжуулалгүй, аль болох бөөний үнээр өвлийн идшээ базаахад нь туслах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд өргөтгөсөн худалдаанд үхрийн мах 6600-7000, адууны мах 5800, хонины мах 5500-6000, ямааны мах 4500 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

Үүнээс өмнө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өнгөрөгч аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд махны өргөтгөсөн худалдаа болох “Гулууз” арга хэмжээг зохион байгуулж байсан юм.

Сэтгэгдэл бичих